Хөдөө орон нутагт байгалийн ухааны багш дутагдалтай байна

Боловсрол шинжлэх ухааны яамнаас гаргасан эрэлттэй мэргэжлийн жагсаалтын эхний 10-т багшийн мэргэжил байна. Манай улсад одоогоор 32 мянган багш шаардлагатай байна гэх судалгаа байгаа юм. Боловсролын  салбар хүний нөөцийн дутагдалд орсноор орон нутагт ажилладаг зарим  багш хоёр өөр хичээл заах тохиолдол ч гардаг байна.

Хүний эрхийн үндэсний комиссоос хийсэн судалгаагаар төрийн үйлчилгээний албан хаагчдын  цалин хөлс, нийгмийн хамгаалал муу байгаа учраас ажлаас халшрах хам шинж илэрч байгаа нь тогтоогджээ. Ялангуяа хөдөө орон нутагт хүний нөөц багатайгаас ажил хөдөлмөр эрхэлж байгаа багш нарын ажлын ачаалал их, харин цалин хөлс нь бага байгаа юм.

Монгол Улсын Боловсролын их сургуулийн нийт  оюутнуудын 70-80 орчим хувь нь хөдөө орон нутгаас ирж сурч байгаа залуус байна. Тус сургуулийг жилд 3000 орчим оюутан төгсдөг бөгөөд дийлэнх нь нийслэл хотод ажиллах сонирхолтой байдаг байна.

Тэгвэл оюутнуудын хувьд хөдөө орон нутагт тухтай ажиллаж амьдрах орчин нөхцөлийг нь сайжруулаад өгвөл тэндээ ажиллах хүсэлтэй байдаг байна.

Өнөөдрийн байдлаар хөдөө орон нутагт байгалийн ухаан буюу хими, физик, биологийн багш маш дутмаг байгаа юм. Тэр хирээр багш нарын ажлын ачаалал нэмэгдэж, ажиллах цаг нь уртасдаг ч  цалин хөлс нэмэгддэггүй, бага хэвээр байгаа юм. Хэдийгээр сүүлийн үед багш нарын цалин тодорхой хэмжээнд нэмэгдэж байгаа ч тэр нь амьжиргааны түвшинд хүрэлцдэггүй, цалин хөлсийг  ялгавартай  байдлаар тогтоодог нь шударга бус гэж залуу багш нар үзэж байна.