Эзэнтэй нохой, муурын үржлийг зогсоох замаар эзэнгүй нохой, муурын тоог багасгана

Жил бүр улсын төсвөөс багагүй хэмжээний хөрөнгө мөнгийг эзэнгүй нохой муурын устгалд зарцуулдаг. Тухайлбал энэ жил гэхэд нохой, муурын устгалд 1.8 тэрбум төгрөг төсөвлөсөн ч энэ нь үр дүн муутай арга хэмжээ болжээ. Тэгвэл эзэнгүй нохой, муурын тоог багасгахын тулд эзэнтэй нохой, муурт үржил хязгаарлах мэс ажилбар хийх нь үр дүнтэй арга гэж үзэн “Гэр хорооллын тэжээвэр нохойны үржил хязгаарлах мэс ажилбар хийх” ажлын тендер сонгон шалгаруулалтыг зарлаад байгаа талаар албаны зүгээс мэдээллээ.

Олон улсад эзэнгүй нохой муурын тоог багасгахын тулд татварын орчин, эздийн хариуцлагатай байдал зэргийг нарийн хуульчилдаг. Манай улс ч мөн адил эзэнгүй нохой муурын тоог багасгахын тулд энэ талаарх хууль тогтоомжийг батлах зайлшгүй шаардлагатай юм. Мөн эзэнтэй нохой, муурын үржлийг хаах талаар улсын төсвөөс тодорхой хэмжээний мөнгө төсөвлөсөн байна.   

Нийслэлийн нутаг дэвсгэрт 160.000 гаруй эзэнгүй нохой байгаа талаарх тооллогын дүн гарсан байна. Тэр дундаа гэр хорооллын орчимд хамгийн өндөр буюу нийт эзэнгүй нохойн 70 орчим хувь нь байгаа юм. Харин он гарснаас хойш эзэнгүй 29.000 гаруй нохой, муурыг устгажээ.