Хиймэл оюун ухаан ирэх 5 жилийн хугацаанд дэлхий даяар 14 сая ажлын байрыг орлоно

Дэлхийн банкнаас ОУ-ын 800 гаруй компанитай хамтран явуулсан судалгааны тайланг өнгөрсөн сарын 30-ны өдөр танилцуулжээ. Тайланд өгүүлснээр ирэх таван жилийн хугацаанд дэлхийн эдийн засаг суларч, компани, аж ахуйн нэгжүүд хиймэл оюун ухаан зэрэг технологийн дэвшлийг ашиглаж ажиллах хүчний нөөцөө бүрдүүлэх төлөвтэй байна.

Товчхондоо ирэх таван жилийн хугацаанд хиймэл оюун ухаанд суурилсан технологи нь дэлхийн хөдөлмөрийн зах зээл дээрх нийт ажлын байрны 25 хувийг өөрчлөх төлөвтэй байна. Мөн 2035 он гэхэд хиймэл оюун ухаан нь 120 сая орчим ажлын байрыг орлох төдийгүй бүтээмжийг тогтвортойгоор нэмэгдүүлнэ гэдгийг судлаачид онцолжээ.

Мөн уг технологийн шийдлийг ашигласнаар зөвхөн нэг жилийн хугацаанд дэлхийн хэмжээнд бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний салбарын үйлдвэрлэл 7 хувиар нэмэгдэх боломжтой гэдгийг судлаачид онцолсон байна. Түүнчлэн аж ахуйн нэгж компаниуд хиймэл оюун ухаанд суурилсан технологийг хэрэглээнд нэвтрүүлэхэд туслах ажилтнууд мөн хэрэгтэй болох юм байна. Тухайлбал өгөгдлийн шинжээч, кибер аюулгүй байдлын мэргэжилтэн, технологийн сургагч багш зэрэг мэргэжлийн эрэлт ирэх 5 жилийн хугацаанд 50 хувиар өсөх төлөвтэй байгааг Дэлхийн банкнаас мэдээлжээ.

Өмнө нь бид гар бичвэрийн машинаас, компьютерын тооцоолон бодох систем рүү шилжих томоохон хувьсалтай нүүр тулсан бол өдгөө компьютерын үйлдлийн системээс хиймэл оюун ухаан руу шилжих гэж байгааг хэвлэлүүд мэдээлж байна.