Зэвтэй усны асуудал нь иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа явдал юм. Хан-Уул дүүрэг дэх зарим орон сууцны иргэд зэвтэй усаар хангагдаад 1 жилийн нүүрийг үзэж байна. Улмаар зэвтэй ус хэрэглэх боломжгүй учир цэвэр усыг худалдаж авах шаардлага тулгардаг. Үүнд тодорхой хэмжээний зардал гаргахаас гадна Ус Суваг Удирдах газраас ус ашигласны нэхэмжлэл мөн ирдэг байна. Ийнхүү иргэд давхар зардал гаргаж байгаа юм. Тэгвэл зэвтэй усны төлбөрт уян хатан зохицуулалтыг хийх талаар холбогдох газарт танилцуулна гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер хэлсэн байна.
Хан-Уул дүүргийн 23, 24-р хорооны иргэдийн гомдол мэдээллийн дагуу тус хорооны зарим орон сууцны уснаас дээж авч шинжлүүлэхэд манган, төмөр, цайрын агууламж их буюу зэвтэй ус гарч байгаа нь тогтоогджээ. Тэгвэл зэвтэй ус гарч байгаа шалтгаан нь шугам хоолойноос шууд хамааралтай гэсэн дүгнэлт гарсан байна. Тиймээс шугам сүлжээг хүлээн авсан албан тушаалтнууд, хийж гүйцэтгэсэн компанийг хуулийн байгууллагаар шалгуулахаар болжээ.
Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байгаа 25.000 гаруй хүн амьдардаг Арцат, Ханбогд, Богд Вилла, Хангарьд 1, 2, Хүннү Вилла, Нью Гарден, Vip Residence зэрэг 20 орчим хорооллын халуун, хүйтэн ус зэвтэй гарч байна. Үүнтэй холбоотойгоор ажлын хэсэг байгуулж зэвтэй ус гарч буй шалтгааныг тодруулах арга хэмжээг авахад ихэнхдээ стандартын бус шугам хоолой тавьснаас үүдсэн гэх дүгнэлт гарчээ. Одоогоор зэвийг арилгахаар шугам, хоолой, нийт тоноглолыг угаасан боловч үр дүнд хүрээгүй байна.
Зэвтэй ус гарч байгаа хорооллын хэсэг, барилгын шугам, сүлжээ, тоноглолыг хурдан хугацаанд зайлшгүй солих шаардлагатай байна. Үүнтэй холбоотойгоор шугам угсралтыг хийлгэхээр захиалсан 3 этгээд, ус дамжуулах хоолойг угсарсан 2 компани, хүлээж авсан Улсын комиссын эрх бүхий 10 албан тушаалтныг дараагийн шатны хуулийн байгууллагад шилжүүлэхээр болжээ.