Нью-Йорк хотын тангарагтны шүүхээс АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампыг нэгэн зохиолч, нийтлэлч эмэгтэйн биед бэлгийн сэдлээр халдсан нь үнэн болох талаар дүгнэлт гаргажээ. Өнгөрсөн оны 10-р сард хохирогч эмэгтэй 1990-ээд оны дундуур Нью-Йорк хотын нэгэн их дэлгүүрийн хувцас солих өрөөнд Доналд Трампын “Бэлгийн хүчирхийлэлд” өртөж байснаа зарлаж, иргэний шүүхэд гомдол гаргасны дагуу шүүхээс ийнхүү дүгнэлт гаргасан байна.
Түүнийг шүүхэд гомдол гаргасны дараа Доналд Трамп хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөгүй төдийгүй түүнийг гүтгэсэн гэж үзэн шүүхэд хариу гомдол гаргасан байна. Тэгвэл уг хэрэгтэй холбоотой иргэний гомдлын шүүх хурал өнгөрөгч мягмар гарагт Нью-Йорк хотын Манхэттэн дүүргийн шүүхийн танхимд явагдсан байна. Шүүх хурал хэдхэн цаг үргэлжилсэн бөгөөд шүүгчид зохиолч Керролын “Бэлгийн хүчирхийлэл”-д өртсөнийг баримтаар нотолж чадаагүй ч Доналд Трамп түүний биед бэлгийн сэдлээр биед халдсан гэж дүгнэжээ. Улмаар уг хэргийг эрүүгийн гэмт хэрэгт тооцох боломжгүй төдийгүй иргэний гомдлыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх шийдвэр гаргасан байна. Ийнхүү шүүхийн шийдвэрийн дагуу Доналд Трамп хохирогчид 5 сая америк.долларын нөхөн төлбөр төлөхөөр болжээ.
Уг иргэний гомдолтой холбогдуулан өөр хэд хэдэн эмэгтэй Доналд Трампын бэлгийн хүчирхийлэл, халдлагад өртөж байснаа зарласан бөгөөд мөн шүүхэд гомдол мэдүүлээд байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байна.
Доналд Трамп өөртэй нь холбоотой иргэний гомдлуудыг үндэслэлгүй гүтгэлэг гэж үзэж байгаа гэдгээ удаа дараа мэдэгдсэн бөгөөд дээрх хэргийг давж заалдахаа цохон тэмдэглэжээ.