Манай улсын газар нутгийн ердөө 0.3 хувьд нийт хүн амын 50 хувь нь оршин суудаг байна. Энэхүү хэт төвлөрлийн нэг шалтгаан нь замбараагүй газар олголт юм. Тэгвэл үүнтэй холбоотойгоор нийслэлийн үе үеийн засаг дарга нар хэнд, хэзээ, хаана, ямар хэмжээ зориулалтаар газар олгосон талаарх нийт 20 жилийн хугацааны мэдээллийг нийтэд ил болголоо.
2000-2020 оны хооронд ажиллаж байсан нийслэлийн засаг дарга нарын олгосон газрын талаарх 36.000 гаруй мэдээллийг shilen.gov.mn сайтад байршуулсан байна. Харин 2020 оноос хойших нийслэлийн газар олголт болон дүүргийн үе үеийн засаг дарга нарын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг нэгтгэж, байршуулах ажлыг хийж байгаа юм байна. Тус мэдээллийг 6-р сарын 1-ээс өмнө нийтэд ил тод болгоно.
Нийтэд ил тод болсон газар олголтын талаарх мэдээллийг харвал 2004 онд хамгийн их буюу нийт 2048 удаагийн газар олголтын шийдвэр гарч байжээ. Тус шийдвэрийг Миеэгомбын Энхболд нийслэлийн засаг даргаар ажиллаж байх үедээ гаргасан буюу ажиллаж байх хугацаандаа нийт 7.374 газар олгох шийдвэр гаргасан байна. Түүний дараа Эрдэнийн Бат-Үүл 1888, Гомбосүрэнгийн Мөнхбаяр 1.679, Сундуйн Батболд 1381, Сайнбуянгийн Амарсайхан 811, Долгорсүрэнгийн Сумъяабазар 621 удаагийн газар олголтын шийдвэрийг тус тус гаргасан байна.
Одоогоор ил болгоод байгаа газар олголтын талаарх мэдээлэлд эзэмших, ашиглах эрх олгосон этгээд, гэрчилгээний талбай, зориулалт өөрчилсөн байдал, гэрчилгээ шилжүүлсэн эсвэл хугацаа сунгасан талаарх захирамжууд багтаж байна. Энэ нь иргэд төрийн үйл ажиллагаанд шууд оролцох боломжийг олгож байгаа юм. Мөн яам, хэрэгжүүлэгч агентлаг, аймгийн засаг даргын тамгын газар нь ил тод шилэн ажиллах байдал нь хангалтгүй байна. Үүнээс гадна дүүргүүдийн удирдлагын үйл ажиллагаа ил тод бус байгаа бөгөөд шаардагдах мэдээллээ нээлттэй байршуулахгүй бол зохих хариуцлагыг оногдуулна гэж холбогдох албанаас сануулж байна.