ОХУ-ын Владивосток боомтыг ирэх сараас эхлэн Хятад улсын дотоод худалдааны транзит боомтоор ашиглана

ОХУ-ын Владивосток боомтыг ирэх сараас эхлэн Хятад улсын дотоод худалдааны транзит боомтоор ашиглана гэдгийг эх сурвалжууд мэдэгджээ. 6-р сарын 1-ээс эхлэн Хятадын бараа бүтээгдэхүүнүүд Владивосток боомтоор гаалийн ямар нэг хязгаарлалтгүйгээр нэвтрэх юм байна.

Үүний хариуд БНХАУ-ын Хөдөө аж ахуйн яам алс дорнодын бүс нутагт шар буурцгийг их хэмжээгээр тариалахад дэмжлэг үзүүлэх амлалтыг өгсөн талаар Кремлийн тэргүүн В.Путин даваа гарагт мэдэгджээ. Мөн Хятад улсын Гаалийн ерөнхий газрын хэвлэлийн албанаас мэдээлснээр, тус улсын зүүн хойд мужуудаас бараа бүтээгдэхүүнийг өмнөд бүс рүү тээвэрлэхдээ автозамаар бус Владивосток боомтоор дамжуулан далайн тээврээр хурдан хугацаанд хүргэх болно гэжээ.

Владивосток нь 1860 онд Чин гүрэн Оросын эзэнт гүрний хооронд байгуулсан гэрээний Москвагийн эзэмшилд орох хүртлээ Хятадын газар нутгийн нэг хэсэг байжээ. Мөн  Владивосток нь Номхон далайн эрэг дээрх ОХУ-ын хамгийн том боомт хотоос гадна тус улсын Тэнгисийн цэргийн флот байрладаг томоохон стратегийн ач холбогдол бүхий бүс нутаг байна.  Харин Владивостоктой хуурай газраар хиллэдэг Хятадын Хармөрөн, Жилин мужууд өнгөрсөн 163 жилийн турш Номхон далайд шууд нэвтэрч, хөлөг онгоцоороо тээвэр хийх эрхгүй байсан юм. Харин тээврийн зардлыг бууруулах уг шийдвэр нь Хятадын Зүүн хойд мужийн үйлдвэрлэгчдэд томоохон дэмжлэг үзүүлнэ гэдгийг шинжээчид онцолжээ.