Даваа гарагт Европын холбооны хууль тогтоогчид “Мета” компанийг хэрэглэгчийн хувийн мэдээллийг АНУ руу дамжуулахаа зогсоохыг үүрэгдэж, 1.3 тэрбум америк.долларын торгууль ногдуулжээ

Даваа гарагт Европын холбооны хууль тогтоогчид “Мета” компанийг хэрэглэгчийн хувийн мэдээллийг АНУ руу дамжуулахаа зогсоохыг үүрэгдэж, 1.3 тэрбум америк.долларын торгууль ногдуулжээ. “Мета” компанийг Facebook, Instagram зэрэг олон нийтийн цахим сүлжээгээрээ дамжуулж Европын хэрэглэгчдийн хувийн мэдээллийг АНУ руу илгээснийг тогтоосноо холбогдох албанаас мэдээлсэн байна.

ЕХ-ны хэрэглэгчийн хувийн мэдээллийг нууцлах хатуу зохицуулалт таван жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн байна. Уг зохицуулалт мөрдөгдөж эхэлснээс хойших түүхэнд байгаагүй өндөр торгууль буюу 1,3 тэрбум америк.долларыг “Мета” компанид ногдуулснаа Европын холбооны хууль тогтоогчид даваа гарагт танилцуулжээ. Харин Мета компанийн удирдлагууд Европ дахь Facebook, Instagram зэрэг цахим сүлжээний хэрэглэгч нартаа хандаж үйлчилгээ тасалдаж болзошгүй гэдгийг анхааруулсан байна. Мөн хууль тогтоогчдын шийдвэртэй санал нийлэхгүй гэдгээ мэдэгдсэн төдийгүй хуулийн байгууллагад гомдол гаргана гэдгээ цохон тэмдэглэжээ.

Мета компанийн хуулийн асуудал хариуцсан дэд захирлын мэдээлснээр “Үндэслэлгүй, алдаатай шийдвэр гаргасанд ихэд харамсаж байна. Европын холбоо болон АНУ-ын хооронд мэдээлэл дамжуулдаг тоо томшгүй олон мянган цахиурын хөндийн компаниудын хувьд аюултай жишиг тогтож байна. Хэрэглэгчдийн цахим орчин дахь IP хаяг, зурвас, газарзүйн байршлын өгөгдөл, хайлтын түүх зэргийг дамжуулсан, АНУ-ын төв байрт илгээсэн, зохицуулалтыг зөрчсөн тохиолдол огт байхгүй. Харин компанийн аюулгүй байдлын хувьд хүлээн зөвшөөрөгдсөн өгөгдлийг дамжуулах нь хуулийн дагуу үйл ажиллагаа” гэдгийг цохон тэмдэглэжээ.

2013 онд АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн гэрээний ажилтан асан Эдвард Сноуден тус улсын эрх баригчид цахим орчинд хэрэглэгчийн хувийн мэдээллийг хэрхэн хянадаг талаар баримтуудыг ил болгосон юм. Ил болгосон баримт бичигт өгүүлснээр Мета буюу тухайн үеийн Facebook компани нь хэрэглэгчийн хувийн мэдээлэлд нэвтрэх эрхийг АНУ-ын эрх баригчдад олгосон талаар өгүүлсэн байдаг. Үүнтэй холбогдуулан Европын холбоо, Зүүн Азийн улс орнууд Facebook компанид тавих хяналтаа чангаруулж, хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаалах зохицуулалт хийж эхэлсэн байна.