Монгол улсын хэмжээнд 2021-2022 онд нийт 540 гаруй дотуур байранд 35.000 орчим хүүхэд амьдарч байна

Дотуур байр бол боловсролын тогтолцооны нэг хэсэг. Гэтэл дотуур байрны тохижилт, стандарт зэргээс шалтгаалж хүүхдийн эрүүл аюулгүй орчин, эрх хамгааллын асуудал одоог хүртэл хөндөгдсөөр байна.

  • Монгол улсын хэмжээнд 2021-2022 онд нийт 540 гаруй дотуур байранд 35.000 орчим хүүхэд амьдарч байна
  • Харин энэ онд 40 орчим дотуур байрыг шинээр барьж байгаа бөгөөд ирэх оноос 620 орчим дотуур байртай болно гэж төлөвлөж байгаа байна.
  • Тэгвэл 2021-2022 оны байдлаар улсын хэмжээнд буй нийт дотуур байрны 320 нь 1990 оноос өмнө баригдсан байна. Үүнээс харвал дотуур байрны насжилт хэтэрч хүүхдийн амьдрах орчны аюулгүй байдал хангадахгүй  байна.
  • Мөн нийт 330 сумын хэмжээнд сургууль, цэцэрлэг, дотуур байранд 819 нүхэн жорлонтой гэх судалгаа гарсан. Үүний хүрээнд 2022 он гэхэд ариун цэврийн байгууламжийн асуудлыг шийднэ гэсэн боловч одоогоор ердөө 173 жорлонг л стандартын шаардлагад нийцүүлэн засаж байгуулсан байна.

Өвлийн улиралд халаалт байхгүйгээс шалтгаалж зарим сумдын дотуур байранд амьдарч буй хүүхдүүд даардаг гэх асуудал одоог хүртэл хэвээр байна. Энэ нь хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа хэрэг юм.

Мөн дотуур байрны стандартаар нэг хүнд ногдох талбайн хэмжээг 4 м.кв-аас багагүй байх ёстой гэдэг ч энэ журам мөрдөгдөхгүй байх жишээ олон байна. Үүнээс гадна хурцаар шүүмжлэлд өртдөг асуудлын нэг нь дотуур байр, сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламж юм.

Монгол улсын хэмжээнд байгаа дотуур байрны 60-70 хувь нь насжилт хэтэрсэн гэх тоон судалгаа байдаг. Шинэ дотуур байр барих төсвийг улсын төсөвт тусгаж өгдөг ч хөрөнгө оруулалтыг зогсоож барилгын ажлыг царцаадаг асуудал байнга үүсдэг. Дотуур байрны асуудлын ард олон хүүхдийн эрх яригдаж байгаа учир санхүүжилтийг зогсоохгүй байх эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд асуудлыг зайлшгүй анхаарах хэрэгтэй байгаа юм.