Дотуур байрны багшийн цалинг нэмж, төсөвт суулгана

Сургууль, дотуур байрны орчинд гэмт хэрэг гарах тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгааг холбогдох мэргэжилтнүүд танилцуулж байна. Тухайлбал, 2020 онд гэхэд л дотуур байртай холбоотой 30 гаруй гэмт хэрэг, зөрчил бүртгэгджээ. Тиймээс дотуур байрны ажилчдын хариуцлагыг сайжруулж, хүний нөөцийн тоог нэмэгдүүлэн, цалинг нэмэх талаар төсөвт суутгахаар болсон байна.

Хамгийн сүүлд 2021 онд Өвөрхангай аймагт байрлах дотуур байранд амьдарч байсан охин амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ нь дотуур байр, сургуулийн орчинд хүүхэд аюулгүй сурах нөхцөл байдал эрсдэлтэй байгааг харуулсан харамсалтай жишээний нэг юм. Дотуур байранд амьдарч буй хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, сэтгэл зүй, хараа хяналт зэрэг бүхий л талыг ханган ажиллах нь нэн чухал асуудал юм.

Дотуур байрны багшийн дундаж цалин нь 600.000 төгрөг байгаа юм. Энэ нь багш гэсэн ажлын байрны тодорхойлолт өгдөггүй холбоотой байна. Үүнтэй холбоотойгоор дотуур байрны ажилчдын хүний нөөцийн асуудал байнга тавигддаг. Угтаа бол нэг дотуур байранд нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, багш зэрэг бүрэлдэхүүнтэй ажиллах ёстой ч өнөөдөр энэ орон тоод ажиллах хүн олдохгүй байна гэж салбарын төлөөллүүд хэлж байна. Тиймээс дотуур байрны багшийн ажлын байрны тодорхойлолтыг өөрчилж, цалинг нэмэх асуудлыг хэлэлцэж төсвөөр тодотгох эсвэл дараа жилийн төсөвт суутгаж өгөхөөр болсон байна.

Дотуур байр нь аюулгүй орчин байх ёстой. Аливаа үе тэнгийн дээрэлхэлд, хүчирхийлэл, багшийн ёс бус үйлдэл зэргийг хянахын тулд дотуур байранд камер байршуулах шаардлага зайлшгүй тулгардаг. Гэхдээ нийтийн эзэмшил талбай буюу дотуур байрны коридор, хоолны хэсэг зэрэгт камержуулалтыг хийх ёстой. Ямар нэгэн байдлаар тухайн хүүхдийн орон зайд халдаж өрөөнд нь камерыг суурьшуулж болохгүй юм.

Дотуур байранд хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлэх орчин бүрдээгүй, үүнд зарцуулагдах санхүүжилт шийдэгдээгүй хэвээр байгаа талаар мэргэжлтэнүүд хэлсээр байна. Тиймээс дотуур байранд амьдарч буй хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчин, санхүүжилт зэргийг чухалчлан авч үзэх зайлшгүй шаардлагатай байгаа юм.