Өнгөрөгч лхагва гарагт БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын ерөнхий сайд Михайл Мишустинийг хүлээн авч уулзжээ

Өнгөрөгч лхагва гарагт БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын ерөнхий сайд Михайл Мишустинийг хүлээн авч уулзжээ. Уулзалтын дараа болсон хэвлэлийн хурлын үеэр Хятад улсын дарга Ши Жиньпин Москвагийн “Үндсэн ашиг сонирхолд” Бээжин дэмжлэг үзүүлэх саналыг тавьснаа цохон тэмдэглэжээ.

Сүүлийн жилүүдэд Хятад, Орос хоёр улс эдийн засаг, дипломат хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Бээжингийн тал Украины дайнд төвийг сахисан байр сууриа илэрхийлсээр байгаа юм. Хятадын Төрийн мэдлийн Шинхуа агентлагийн мэдээлснээр Ши Жиньпин Хятад, Орос хоёр улс "Бие биеийхээ язгуур ашиг сонирхолд нийцсэн асуудлаар харилцан тууштай дэмжлэг үзүүлж, олон талт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх болно" гэжээ. Мөн Ши Жиньпин Хятад, Орос хоёр улсын бизнесийн салбар дахь хамтын ажиллагаагаа өндөр түвшинд хүргэж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны түвшнийг ахиулах ёстойг цохон тэмдэглэжээ. Лхагва гарагт ОХУ-ын ерөнхий сайд Михайл Мишустин Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Цянтай уулзаж, Бээжингийн Ардын Их хурлын танхимын гадаа болсон хүндэтгэлийн ёслолын дараа "Орос, Хятадын харилцаа урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрснийг” хэвлэлд мэдэгджээ. "Хоёр улс хамтын ашиг сонирхлоо харилцан хүндэтгэж, олон улсын тавцан дахь үймээн самуун, барууны хамтын нийгэмлэгийн хууль бус эдийн засгийн хориг арга хэмжээний дарамттай холбоотой сорилтод хамтран хариу арга хэмжээ авах хүсэл эрмэлзэлтэй байдаг" гэдгийг Михаил Мишустин хэвлэлд ярьжээ.

Хятад улс ОХУ-ын худалдааны хамгийн том түнш бөгөөд өнгөрсөн онд хоёр улсын худалдааны эргэлт 190 тэрбум ам.долларт буюу дээд үзүүлэлтэд хүрчээ. Тэгвэл 2023 оны эхний дөрвөн сарын байдлаар худалдааны эргэлт нь 70 тэрбум долларт хүрээд байна. Хоёр орны хөрөнгө оруулалтын цар хүрээ ч мөн тасралтгүй нэмэгдэж, засгийн газруудын хамтран хэрэгжүүлж байгаа стратегийн томоохон төслүүд эрчимтэй урагшилж байгаа гэж Ли Цян хэвлэлийн хурлын үеэр мэдээлжээ.