Өнгөрөгч даваа гарагт ОХУ-ын Белгород мужид зэвсэгт халдлага үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа Кремлийн эсрэг үзэлтнүүд дахин хорлон сүйтгэх ажиллагаа явуулна гэдгээ анхааруулжээ

Өнгөрөгч даваа гарагт ОХУ-ын Белгород мужид зэвсэгт халдлага үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа Кремлийн эсрэг үзэлтнүүд дахин хорлон сүйтгэх ажиллагаа явуулна гэдгээ анхааруулжээ. Пүрэв гарагт өөрийгөө Оросын сайн дурын Корпусын удирдагч гэж танилцуулсан Денис Капустин ээлжит удаагаа илүү их хүн хүчээр халдлага үйлдэхээ телеграм хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Мягмар гарагт хорлон сүйтгэгчдийн давшилтыг няцааж 70 гаруй зэвсэгт этгээдийг устгаснаа ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлсэн байна. Түүнчлэн лхагва гарагт  тус улсын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу цаашид ямар ч халдлагад "Хатуу хариу" өгөх амлалтыг өгсөн байна. Харин Украины эрх баригчид энэхүү халдлагад огт хамааралгүй гэдгээ удаа дараа мэдэгдсээр байна.

Оросын ардчилсан Легион болон сайн дурын Корпусын хагас цэрэгжсэн бүлэглэлүүд Белгород муж руу халдлага үйлдсэн хариуцлагыг хүлээсэн бөгөөд эдгээр Кремлийн эсрэг үзэлтнүүдийн командлагч Денис Капустин “Халдлагын үр дүнд сэтгэл хангалуун байгаа” гэдгээ цохон тэмдэглэжээ. Мөн тэрээр Оросын зэвсэгт хүчнээс дрон эсэргүүцэгч болон хуягт машин олзолж авснаа мэдээлжээ. Түүний хэлснээр Өрнөдийн орнуудаас тус зэвсэгт бүлэглэлүүдэд зэр зэвсгийн тусламж үзүүлээгүй төдийгүй Оросын зэвсэгт хүчний цэргүүд Украины армиас олзолсон барууны зэвсгүүдийг хар захуудад хямд үнээр худалдаалж байгааг Кремлийн эрх баригчдад анхааруулжээ.

Үүнээс гадна Капустин хагас цэрэгжсэн бүлэглэлд нь барууны үзэлтэй, жинхэнэ эх оронч хүмүүс нэгдсээр байгаа тухай дурджээ. Тэгвэл Өрнөдийн шинжээчдийн мэдээлснээр Капустин нь Герман улсад олон жил амьдарсан Оросын Нео-Нацист үзэлтэн юм байна. Өмнө нь Капустин нэгдсэн Орос улсыг байгуулж, В.Путиныг Засгийн эрхээс буулгаж, эх орноо хэвийн голдиролд нь оруулах зорилготой гэдгээ хэвлэлд ярьж байжээ.