“Эрдэнэс Монгол” ХХК зарим шаардлагагүй ТУЗ-ийг татан буулгахаар болжээ

Монгол улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордууд дахь төрийн төлөөллийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй “Эрдэнэс Монгол” компани 2007 онд байгуулагдсан. Тэгвэл тус компанийн засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 7 охин компанийг татан буулгахаар болоод байна.

“Эрдэнэс Монгол” ХХК үр ашиггүй ажилсан охин компани болон зарим шаардлагагүй ТУЗ-ийг татан буулгахаар болжээ. Тодруулбал, ашгийн түвшин бага, үйл ажиллагаа нь зогссон Эрдэнэс Монгол нэгдлийн 6 компани, 1 төслийн нэгжийг татан буулгах юм байна. Мөн ТУЗ-ийн гишүүдийн цалин болон ажиллах орон тооны хувьд өөрчлөлт орж байгаа юм байна.

Мөн төрийн өмчит компаниудын бизнесийн үйл ажиллагаа, шийдвэр зэрэгт Засгийн газар оролцдог байдлыг зогсоох юм байна. Тухайлбал, Эрдэнэс Монгол нэгдлийн бизнесийн үйл ажиллагаанд ЗГ-аас шууд оролцохгүйгээр үр ашиг нэмэгдүүлэх чиглэлд шаардлагыг тавих замаар ажиллана гэсэн юм.

Монгол улсын Засгийн газрын 2022 оны 225 дугаар тогтоолоор Эрдэнэс Монгол нэгдлийн компаниудыг зэс, металлын групп болон нүүрс, эрчим хүчний группийн зарчмаар ажиллуулахаар болсон. Эрдэнэс Монгол нэгдэлд “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК, “Эрдэнэс Баянбогд” ХХК багтаж байгаа юм. “Эрдэнэт Үйлдвэр” болон “Монголросцветмет” ТӨҮГ-уудыг нэгдэлд оруулж ирснээр тухайн компанийн нийт орлого 5 дахин өсөж, ирэх 2024 онд 30 хувь хүртэл өсгөх тооцоо гарчээ. Мөн одоогоор Эрдэнэс Монгол нэгдлийн нийт өр төлбөрийн эзлэх хувь буурч, хувьцаа эзэмшигчийн хөрөнгө 50 хувиар өсөөд  байна.