Украины арми болон хөлсний гэрээт цэргийн Вагнер группийн тэргүүн Евгений Пригожиний мэдээлснээр Оросын армийн цэргүүд дайны халуун цэг Бахмут хотоос ухарч байна

Украины арми болон хөлсний гэрээт цэргийн Вагнер группийн тэргүүн Евгений Пригожиний мэдээлснээр Оросын армийн цэргүүд дайны халуун цэг Бахмут хотоос ухарч байна. Харин Украины армийн сөрөг давшилт эхэлж зүүн фронтын гол замуудыг хяналтдаа оруулахаар давшиж эхэлсэн байна.

Мөн ОХУ-ын Зэвсэгт хүчин Украины давшилтыг удаашруулахын тулд нэвтрэх замуудыг пуужингаар бөмбөгдөж эхэлснийг эх сурвалжууд мэдээлж байна. Сүүлийн зургаан сарын турш хориглолтын байрлалд байсан Украины армийн анги нэгтгэл нэг шөнийн дотор Бахмут хотын 2 орчим километр газрыг чөлөөлж чадсан байна.

Украины армийн давшилт амжилттай хэрэгжиж Бахмутыг хяналтдаа оруулахаар зэхэж байгаа нь ОХУ-ын Батлан хамгаалах яам болон хөлсний гэрээт цэргийн Вагнер группийн хооронд томоохон хагарал үүсгэснийг хэвлэлүүд онцолж байна.

Тухайлбал Вагнер группийн тэргүүн Евгений Пригожин Бахмут дахь хөлсний цэргүүд нь хотын баруун захад шахагдсан төдийгүй удахгүй тус хотыг орхин гарахаар бэлтгэж байгааг хэвлэлд ярьжээ. Мөн тэрээр ОХУ-ын Батлан хамгаалах яамны харьяа цэргүүд Бахмутыг орхин гарч байгаа нь Вагнерын дайчдыг бүслэлтэд оруулах эрсдэлийг нэмэгдүүлж байгааг буруутгажээ.

Евгений Пригожин Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Жанжин штабын дарга Валерий Герасимов нарт хандан "Миний захидлыг уншихгүй байгаа тул би олон нийтэд ил зарлаж байна. Цэргүүдээ битгий татан аваач, давшилтын байршлаа битгий орхиоч” хэмээн уриалжээ.