Турк улсаас түүхий эд, даавууг дундын зуучлагчгүйгээр шууд оруулж ирнэ

Цар тахлын үед жижиг дунд бизнес эрхлэгчид тэр дундаа оёдлын салбарын үйлдвэрлэл  эрхлэгчид ихээхэн уналтад оржээ. Энэ нь Монгол улс хувцас хэрэглэлийн үйлдвэрлэл дутмаг тэр дундаа гол түүхий эд болох даавууг дотоодод үйлдвэрлэдэггүйтэй шууд холбоотой юм байна. Үүнээс шалтгаалж энэхүү чиглэлээр бизнес эрхэлдэг аан байгууллагууд үйлдвэрлэлээ зогсоож ажлын байргүй болох нь их байна

2000 оны эхээр Монгол улсын хөнгөн үйлдвэрийн салбарт 30-40 мянган оёдолчин ажилладаг байжээ. Тухайн үед үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Америкийн зах зээл рүү хүртэл нийлүүлдэг байсан юм. Харин одоо тус салбарын үйлдвэрлэл хомсдож, дотоодын цөөн тооны үйлдвэрлэгчид л энэ төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд өндөр үнээр нийлүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, дотоодод үйлдвэрлэсэн цамц импортоор орж ирсэн цамцнаас өндөр өртгөөр худалдаалагддаг нь оёдлын үйлдвэрийн түүхий эд, даавууг дундын зуучлагчаар дамжуулан оруулж ирдгээс шалтгаалдаг байна. Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд Туркийн даавуу үйлдвэрлэлийн томоохон компаниудтай хамтран ажиллаж, түүхий эдийг тус улсаас шууд татан авах боломжийг судалж байгаа юм байна.

Оёдлын үйлдвэрийн түүхий эд, даавууг дундын зуучлагч, худалдаачдаар дамжуулж өндөр өртгөөр авах бус Турк улсын үйлдвэрлэгч нартай шууд холбогдож үйлдвэрийнх үнээр авах, мөн чанартай, шинэ технологи нэвтрүүлж, хөрөнгө оруулахад хамтран ажиллах зорилготой байна.

Хөгжиж буй улс орнуудын ДНБ-ий 60 хувийг жижиг дунд бизнес эрхлэгчид хангадаг гэж үздэг байна. Гэтэл Монгол улс ДНБ-ий ердөө 18 хувийг л жижиг дунд бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл эзэлж байгаа юм. Тиймээс жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг бодлогоор зайлшгүй дэмжих шаардлагатай байна.