Жингээ хасахын тулд чихэр орлуулагчийг хэрэглэхгүй байхыг ДЭМБ-аас зөвлөжээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас танилцуулсан удирдамжид жингээ хасах гэж байгаа бол чихэр орлуулагчийг хэрэглэхгүй байхыг зөвлөжээ. Тус байгууллагын судлаачид олон зуун нотлох баримтыг цуглуулж, чихэр орлуулагчийн найрлагад ордог бодисууд нь хүний биеийн жинг бууруулахад огт нөлөө үзүүлдэггүй гэдгийг тогтоосон байна.

Чихэр орлуулагчийг удаан хугацаагаар хэрэглэх нь 2-р хэлбэрийн чихрийн шижин, зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг бага зэрэг нэмэгдүүлж буйг судлаачид онцолжээ. Үйлдвэрлэгч нар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхдээ diet, zero sugar мэтээр сурталчилдаг ч бүтээгдэхүүндээ чихэр орлуулагчийг өргөнөөр ашигладаг байна.

Мөн чихэр орлуулагч нь биеийн жинг бууруулахад нөлөөлөхгүй гэдгийг тогтоосон ч хяналтгүй хэрэглээг огт сурталчлаагүй гэдгээ ДЭМБ-аас онцоллоо. Насанд хүрсэн хүн өдөрт 20 грамм, хүүхдүүд 15 грамм элсэн чихэр болон үүнийг агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх нь зохистой гэж үздэг. Харин ДЭМБ-аас уг зохистой хэмжээг цаашид бууруулахыг хүмүүст зөвлөж байна.

Мөн хүмүүс давсгүй хоол хүнс, бүтээгдэхүүн хэрэглэж, идэж сурч байгаатай адил чихэргүй болон орлуулагчгүй бүтээгдэхүүн хэрэглэж тэжээллэг бус амтлагчаас хамааралтай байдлаа бууруулж чадна гэдэгт судлаачид итгэлтэй байна.