Олон улсын тэргүүлэх эдийн засагчдын тооцоолсноор “Ковид-19”-ийн халдварын уршгаар АНУ-ын эдийн засагт учирсан хохирлын хэмжээ 2023 оны эцэс гэхэд 14 их наяд америк.долларт хүрнэ. Гэхдээ хүний амь нас, өвчин зовлонг мөнгөн дүнгээр хэмжих боломжгүй төдийгүй зөвхөн эдийн засагт учруулсан нөлөөллийг тооцоолсон байна.
Дэлхий дахинд цар тахал дэгдсэнээс хойш АНУ-ын 1.1 сая иргэн “Ковид-19”-ийн халдварын улмаас амиа алдсан юм. Эдийн засагчид 2020 оны 1-р сараас 2023 оны 12-р сар хүртэлх дөрвөн жилийн хугацаан дахь эдийн засгийн алдагдлын хэмжээг тооцоолжээ.
Цар тахлын он жилүүдэд хамгийн их уналтад орсон гурван салбар нь агаарын тээвэр, нийтийн хоол, нийгмийн үйлчилгээний салбар байсан. 2020-2023 онд АНУ-ын эдийн засгийн цэвэр гарц 103 их наяд ам.долларт хүрсэн байна. Харин дэлхий дахинд “Ковид-19”-ийн халдвар огт дэгдээгүй байсан бол өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тус улсын ДНБ-ий нийт хэмжээ 117 их наяд ам.долларт хүрэх байжээ. Дээр дурдсан дөрвөн жилийн хугацаанд зөвхөн эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн эрүүл мэндийн шууд зардалд 214 тэрбум ам.доллар зарцуулсныг эдийн засагчид онцоллоо. Мөн хугацаанд АНУ-ын эдийн засагт учирсан хохирлын хэмжээ нь 2001 оны 9-р сарын 11-нд болсон террорист халдлагын хохирлын хэмжээнээс 20 дахин их байгаа юм байна.
Түүнчлэн цар тахлын он жилүүдэд тус улсын иргэдийн бие махбодын болон сэтгэцийн эрүүл мэндэд олон төрлийн сөрөг өөрчлөлт гарсныг мэдээлсэн байна.