Арилжааны 5 банк энэ оны 6-р сарын 30-ны өдрийн дотор нээлттэй хувьцаат компани болох үүрэг хүлээсэн 

2021 оны 1-р сард банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж арилжааны банкууд энэ оны 12-р сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хувьцааныхаа төвлөрлийг задалж, нээлттэй арилжихыг үүрэг болгосон. Тэгвэл хувьцаагаа олон нийтэд санал болгох үүрэг хүлээсэн арилжааны банкуудаас Худалдаа хөгжлийн банк хувьцааны зах зээлийн арилжааг нээлттэй хийсэн байна.

Монгол улсад банкны систем үүсэж хөгжөөд 100 гаруй жил болсон. Энэ хугацаанд хоёр шатлалт банкны тогтолцоог бий болгосноос эхлээд олон шинэчлэл хийгдсэн. Мөн системийн нөлөө бүхий арилжааны банкууд хувьцаагаа нээлттэй гаргаж, олон нийтийн компани болж байгаа нь банк, санхүү, хөрөнгийн зах зээлийн хөгжилд чухал алхам болж байна. Одоогоор арилжааны 4 банк хувьцаагаа олон нийтэд санал болгосон.

Тухайн банкны ил тод, нээлттэй байдал дутсан, хувьцааны хяналтын багц нь сул байдал зэрэг нь дампуурлын нэг шалтгаан болдог. Хэрэв тухайн улсын системийн том банк дампуурвал эдийн засагт нь хүчтэй цохилт болно. Тиймээс банкуудыг хувьцаат компани болгож, олон нийтийн хяналтад оруулах, хувьцааных нь төвлөрлийг задлах шинэчлэлийг дэмжих хэрэгтэй юм.

30 гаруй жилийн өмнө Монгол улсын нэг хүнд ногдох ДНБ 330 ам.доллар байсан бол энэ оны хувьд 5000 гаруй ам.долларт хүрээд байгаа юм. Мөн улсын төсвийн орлого 1990 он хүртэл 6.5-13 их наяд төгрөгийн хооронд эргэлдэж байсан бол 2023 онд 18 их наяд төгрөг болж өссөн үзүүлэлттэй байна. Эдгээр нийгэм эдийн засгийн өсөлтийн цаана арилжааны банкуудын санхүүгийн олон төрөлт үйлчилгээ нь чухал хувь нэмэртэй юм.