Бразилын ерөнхийлөгч Лула Да Силва ОХУ-д айлчлахаас татгалзжээ

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Бразилын ерөнхийлөгч Лула Да Силвад Санкт-Петебург хотноо айлчлах урилга илгээсэн ч татгалзсан хариу авчээ. Өнгөрөгч бямба гарагт Кремлийн тэргүүн Лула Да Силватай утсаар ярихдаа айлчлахыг албан ёсоор урьсан юм.

Харин Бразилын ерөнхийлөгч Лула Да Силва “Санкт-Петербург хотноо зохион байгуулагдах олон улсын эдийн засгийн чуулганд оролцохыг урьсанд баяртай байна. Гэхдээ энэ удаа ОХУ-д айлчлал хийх боломжгүй” хэмээн Твиттер хуудастаа нийтэлжээ.

Энэ сарын дундуур Япон улсад болсон “Долоогийн Бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Украины ерөнхийлөгч В.Зеленський Бразилын төрийн тэргүүнтэй уулзахаас албан бусаар татгалзсан юм. Үүнтэй холбогдуулан Бразилын ерөнхийлөгч Лула Да Силва В.Зеленський болон В.Путин нарыг хүчтэй шүүмжилж, дайтагч талууд хямралыг дуусгавар болгох сонирхолгүй байна гэж буруутгасан юм. 

Гэхдээ Бразилын Төрийн тэргүүн Энэтхэг, Хятад улсын адилаар энх тайвныг эрэлхийлж, зуучлагчийн үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгаагаа уламжилж байсан юм. 

Барууныхан Украинд өөрийгөө хамгаалахад нь зориулж зэвсэг илгээсээр байгаа бол Лула Да Силва илүү төвийг сахих байр суурь баримталж байгаа гэж шүүмжлэгчид дүгнэж байна. Мөн мөргөлдөөнийг зөвхөн энхийн хэлэлцээрээр дуусгавар болгох боломжтой талаар ч Лула Да Силва Орос, Украины эрх баригчдад анхааруулсаар байна.