“Asiana Airlines” агаарын тээврийн компани ослын хаалганы дэргэдэх суудлын захиалгыг цуцалж, цаашид тодорхойгүй хугацаагаар энэ суудлыг худалдан борлуулахгүй гэдгээ мэдэгджээ

Өнгөрсөн долоо хоногт “Asiana Airlines” компанийн онгоц Өмнөд Солонгосын Чэжү арлаас Тэгү хот руу үйлдэж байсан нислэгийн үеэр нэгэн зорчигч онгоцны ослын хаалгыг онгойлгож зорчигчдыг эрсдэлд оруулсан хэрэг гарчээ. Үүнтэй холбогдуулан тус агаарын тээврийн компани ослын хаалганы дэргэдэх суудлын захиалгыг цуцалж, цаашид тодорхойгүй хугацаагаар энэ суудлыг худалдан борлуулахгүй гэдгээ мэдэгджээ.

“Asiana Airlines” агаарын тээврийн компани 174 хүний суудалтай A321 болон А200 загварын онгоцнуудынхаа ослын хаалганы дэргэдэх суудалд захиалга авахгүй гэдгээ мэдэгджээ. Тус компанид ийм загварын 14 онгоц бүртгэлтэй байдаг төдийгүй одоогоор бүгд нислэгт ашиглагдаж байгаа юм байна.

Дээрх онгоцны хаалгыг онгойлгосон залууд бусдын амийг эрсдэлд оруулсан хэргээр 10 жилийн хорих ял төлөвлөж байгаа талаар Өмнөд Солонгосын хуулийн байгууллагаас мэдээлжээ.

Онгоц газардах үед ослын хаалга онгорхой байсан ч азаар 190 гаруй зорчигчийн эрүүл мэндэд ноцтой хохирол учраагүй байна. Гэсэн ч 10 орчим зорчигч хүчтэй агаарын урсгалд цохиулж амьсгалахад хүндрэлтэй болсон тул эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд удалгүй биеийн байдал нь дээрдсэн гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Сэжигтэн залуу ажлаасаа халагдаж, сэтгэлзүйн хувьд хүндхэн үеэ даван туулж байхдаа онгоцоор зорчсон нь алдаа болсныг хуулийн байгууллагад мэдүүлжээ. Түүнд нислэгийн хугацаа урт санагдаж, бачимдаж байсан тул хаалгыг онгойлгож гүнзгий амьсгаа авах хүсэлтэй байснаа мөн дурджээ.