Дүүргийн Засаг дарга нарын захирамжаар олгосон 310.503 газар олголтын мэдээллийг shilen.gov.mn сайтад байршуулжээ

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа шилэн ажиллагааны хүрээнд тусгай сангуудын мэдээллийг ил болгох ажил үргэлжилж байна. Өчигдөр Эрүүл мэндийн даатгалын сан, Ирээдүйн өв сан зэрэг 4 тусгай сангийн санхүүжилт, орлого зарлагын мэдээллийг нийтэд ил болголоо. Мөн нийслэлийн  9 дүүргийн үе үеийн Засаг дарга нарын өнгөрсөн 20 жилийн хугацаанд олгосон газрын талаар цахим хөгжил харилцаа холбооны сайд н.учрал мэдээлэл хийлээ.

Засгийн газрын авлигатай тэмцэх “Шил” ажиллагааны хүрээнд, хуулиар нээлттэй болгох боломжтой

  • Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан
  • Эрүүл мэндийн даатгалын сан
  • Ирээдүйн өв сан
  • Төсвийн тогтворжуулалтын сангийн мэдээллийг нийтэд ил болгож, shilen.gov.mn сайтад байршууллаа.

Тухайлбал Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018-2022 оны хооронд орлого, зарлага, мөнгөн хөрөнгийн мэдээллийг байршуулсан байна. Мөн хэдэн төгрөгөөр улсын болон хувийн ямар байгууллагуудыг санхүүжүүлсэн талаарх мэдээллийг нарийвчлан оруулжээ.

Мөн дүүргүүдийн үе, үеийн засаг дарга нарын захирамжаар олгосон нийт 310,503 газар олголттой холбоотой мэдээллийг shilen.gov.mn сайтад байршуулжээ. Мэдээллээс харахад дүүрэг бүрийн мэдээлэл харилцан адилгүй байна. Тухайлбал Хан-Уул дүүргийн 2000 оноос хойших газар олголтын мэдээллийг байршуулсан бол Сонгинохайрхан дүүрэг дэх газар олголтын 2013 оноос хойших мэдээлэл сайтад оржээ. Хамгийн их мэдээлэл орсон нь 86 мянга 51 буюу Баянзүрх дүүргийн газар олголтын мэдээлэл байна. Харин Багахангай дүүргийн газар олголтын 265 мэдээлэл орсон нь хамгийн багад тооцогдож байна.

Улсын хэмжээнд 25 тусгай сан байдаг бөгөөд өнөөдрийн байдлаар 18 сангийн мэдээлэл нийтэд ил боллоо. Харин 5-р сарын 31 буюу энэ долоо хоногийн лхагва гарагт мэргэжлийн Боловсрол, сургалтыг дэмжих сан, Эрүүл мэндийг дэмжих сангийн мэдээллийг ил болгохоор төлөвлөжээ