Нүүрсний хулгайтай холбоотой нэг ч хэрэг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжиж ирээгүй байна

Нүүрсний хулгайн хэрэг болон Хөгжлийн банкны хэргийн шалгалт удааширч байгаа гэх шүүмж олон нийтийн дунд өрнөөд байна. Тэгвэл Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Хөгжлийн банкны зүгээс дээрх хэргүүдийн шийдвэрлэх үйл явц ямар байгаа талаар мэдээлэл хийлээ.

Хөгжлийн банкны шүүх хурал нь хэрэгт холбогдсон 80 хүн, 4 хуулийн этгээдээс гадна улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч, гэрч зэрэг нийтдээ 215 оролцогчтойгоор 31 дэх өдрөө үргэлжилж байна. Тус шүүх хурал хэзээ дуусах нь тодорхойгүй байгаа юм. Одоогийн байдлаар шүүх хурал нь хавтаст хэрэгт бичгийн нотлох баримтуудыг судалж байгаа буюу шинжлэн судлах үйл явц нь 85 хувьтайгаар үргэлжилж байна.

Мөн нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой хэрэг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжиж ирээгүй байна. Тус хэрэг нь мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа бөгөөд шүүхээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм. Одоогоор прокурорын саналаар тус хэрэгтэй холбоотойгоор 23 иргэнд хязгаарлалт тогтоох, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа байна. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Ерөнхий сайдыг огцруулах асуудал яригдаагүй. Энэ нь худал мэдээлэл гэсэн юм. Мөн шүүхийн шийдвэр гарахаас өмнө улс төрчид нөлөөлөх үндэслэл байхгүй гэдгийг мэдэгдлээ.

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс олны анхаарлыг татсан зарим хэргийн талаар мэдээлэл өгсөн юм. Тухайлбал, УБТЗ-ын тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн холбогдсон хэрэг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжин ирээгүй,  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хэвээр байгаа байна. Мөн жүжигчин У.Цогтбаярын тухайд, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, танхайрсан гэх зөрлийн хэрэг нь Хан-Уул дүүргийн шүүхэд ирсэн, 7 хоног баривчлах, 10 хоногийн албадан сургалтад хамруулах шийтгэл оногдуулаад байгаа гэсэн юм. Харин яруу найрагч Ц.Хулангийн хувьд цагдан хоригдсон хэвээр байгаа бөгөөд тус хэргийн шүүгч нь Хөгжлийн банкны шүүх хуралтай байгаа учраас үүнтэй холбоотойгоор шүүх хурал нь хойшилж байгаа. Тиймээс Хөгжлийн банкны хурал дуустал цагдан хоригдсон хэвээр байх юм байна.