Дулааны улирал болмогц иргэд задгай талбайд худалдаа үйлчилгээ эрхэлж, хийлдэг гулсуур, тоглоом, усан завиар бага насны хүүхдүүдэд үйлчилж эхэлж байна. Ингэхдээ энэ төрлийн үйлчилгээ эрхлэгч зарим иргэд хүүхдийн аюулгүй байдлыг хангах заавар зөвлөмжийг бүрэн өгч чаддаггүйд эцэг эх асран хамгаалагчид шүүмжлэлтэй байна.
Өнгөрөгч амралтын өдөр Баян-Өлгий аймгийн Төвд байрлах тоглоомын талбайд хийлдэг гулсуур салхинд хийсэж тоглож байсан 15 хүүхэд гэмтсэн байна. Дээрх ослын улмаас 2 хүүхдийн биеийн байдал хүнд байгааг Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн юм.
Тэгвэл зарим эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс овор ихтэй хийлдэг гулсуур дээр хүүхдээ тоглуулахаас зайлсхийдэг, мөн аюулгүй байдлыг хэрхэн хангаж тоглуулах талаар мэдээлэл муу байдаг гэдгийг хэлж байна
Харин үйлчилгээ эрхлэгчид бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хийлдэг гулсуурын хэмжээнээс нь хамаараад дунджаар 2 тонноос дээш хайргаар хүндрүүлэгч хийх шаардлагатай байдаг. Мөн наранд хэт халахаас сэргийлж хаалт хийх хэрэгтэй гэдгийг онцолж байна
Олон нийтийн талбайд худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг тухайн дүүргийн захиргаанаас авдаг байна. Тухайлбал өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүрэгт 11 орчим иргэн хүүхэд тоглуулах чиглэлээр үйлчилгээ эрхэлж байгаа юм. Тухайн дүүргийн удирдлагын зүгээс иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгодог байна. Гэрээнд тоглоомын өнгө үзэмж, аюулгүй байдал зэрэг нь стандартын шаардлага хангасан байх ёстой гэж заадаг байна.
Баяр наадмын өдрүүдэд хүүхэд тоглуулах үйлчилгээ ердийн үеийнхээс хэт ихэсдэг тул хэт овор ихтэй хийлдэг гулсуур дээр бага насны хүүхдээ харгалзах хүнгүй тоглуулах, тухайн тоглоомын хэмжээнд тохируулан хүүхдүүдийн тоог тааруулах зэрэгт анхаарах шаардлагатайг мэргэжилтнүүд хэлж байна.