Молдавын нийслэл Кишинев хотоос зүүн өмнө зүгт орших Мими шилтгээнд Европ тивийн 40 гаруй улс орнуудын төр засгийн тэргүүн нар уулзаж, бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцжээ. Уг дээд хэмжээний уулзалтын үеэр Молдовын эрх баригчид эх орноо Европын холбоонд элсүүлэх талаар албан ёсны яриа хэлэлцээг өрнүүлсэн төдийгүй тус холбооны удирдлагуудаас нааштай хариу авснаа хэвлэлд ярьсан байна.
Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Молдова улс нь Оросын эзлэн түрэмгийллийн дараагийн бай болно гэж ажиглагчид үзэж байгаа юм. Кремлийн удирдлагууд Украины дайнд ялалт байгуулсан тохиолдолд төд удалгүй Молдовыг газар нутагтаа нэгтгэнэ гэж таамаглаж байна. Энэ талаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нэг бус удаа ам нээж байсан юм. Харин ийм явдал болохоос өмнө Молдовын эрх баригчид Европын холбоонд элсэхээр гишүүнчлэлийн хүсэлтээ 2022 онд гаргасан юм.
Тэгвэл Европ тивийн улс орнуудын удирдагчид энх тайван, аюулгүй байдлын төлөөх хамтын хүчин чармайлт болон европ дахь эрчим хүчний бие даасан байдал, нөөц, хэвийн үйл ажиллагааны талаар хэлэлцжээ. Үүнээс гадна удирдагчид Серб, Косовогийн мөргөлдөөнийг шийдвэрлэх яриа хэлэлцээг ч өрнүүлэх төлөвтэй байна.
Дээд хэмжээний уулзалтад Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський оролцож байгаа төдийгүй Украины НАТО-д элсэх гишүүнчлэлийн асуудлыг хөндөнө гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Өнгөрсөн 2022 онд байгуулагдсан Европын улс төрийн хамтын нийгэмлэгийн ирэх жилийн дээд хэмжээний уулзалт Испани улсад зохион байгуулагдах тов зарлагджээ.