Зам тээврийн ослоос шалтгаалж амиа алдсан нийт тохиолдлын 80 гаруй хувь нь орон нутгийн замд бүртгэгддэг

Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд зааснаар орон нутгийн замд явах дээд хурд нь цагт 80 км-ээс хэтрэхгүй байх ёстой. Гэтэл жолооч хурд хэтрүүлсэн, согтуугаар жолоодсон, хамгаалалтын бүсээ зүүгээгүй, жолоодох эрхгүй хүнээр машинаа бариулсан гэх мэт олон шалтгаанаас үүдсэн зам тээврийн ослоор амиа алдах хүний тоо ихэссээр байна. Мөн зам тээврийн ослоос үүдэн нас барсан хэргүүд нь ихэвчлэн орон нутгийн замд гарах гарч байна. Тиймээс орон нутгийн замын эвдрэл гэмтэл, жолоочийн хариуцлагатай байдалд илүүтэй анхаарал хандуулах шаардлагатай байна.

  • Энэ оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослоор нийт 172 хүн амь эрсдэж, 1100 гаруй иргэн бэртэж гэмтжээ.
  • Зам тээврийн ослоос шалтгаалж амь эрсэдсэн нийт тохиолдлын 12 нь хүүхэд байгаа юм. Амиа алдсан хүүхдүүд бүгд орон нутгийн зам дээр гарсан ослоор эндсэн байна.
  • Улсын хэмжээнд нэг жилийн дотор бүртгэгддэг зам тээврийн ослоос шалтгаалж амиа алдсан нийт тохиолдлын  80 гаруй хувь нь орон нутгийн зам дээр бүртгэгддэг байна.
  • Мөн зам тээврийн ослын нийт тохиолдлын 97 хувь нь жолоочийн буруутай үйл ажиллагаанаас, 2 хувь нь явган зорчигчоос, харин  үлдсэн 0.5 хувь нь тээврийн хэрэгсэл болон замын эвдрэл гэмтлээс шалтгаалдаг байна.

Зам тээврийн осол гэмтэл Монгол улсад төдийгүй дэлхий дахины тулгамдсан асуудлуудын нэг болжээ. Тэр дундаа 15-29 насны хүүхэд, залуусын нас баралтын дийлэнх  шалтгаан нь зам тээврийн осол болж байгаа харамсалтай тоон статистик байгаа юм. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн чадвартай, залуу хүмүүс зам тээврийн осолд илүүтэй өртөж байна. Замын осол гэмтэл нь жолоочийн буруугаас ихэвчлэн шалтгаалж байгаа ч манай улс шиг эрс тэс уур амьсгалтай улсад замын эвдрэл гэмтлээс үүдэлтэй зам тээврийн осол гарах тохиолдол ч олон байгаа юм. Үүнтэй холбоотойгоор замын арчилгааг сайтар хийх хэрэгтэй ч үүнд төсөв хөрөнгийн асуудал ихээхэн хүндрэл дагуулдаг байна.

Монгол улсад жилд дунджаар зам тээврийн ослоор 500 гаруй хүн амиа алдаж байна. Үүнийг 360 хоногт хувааж үзвэл өдөр бүр ойролцоогоор 1-2 хүн тогтмол амь эрсдэж  байна гэсэн үг. Үүний ихэнх хувь нь орон нутгийн замд үүсэж байгаа юм. Тиймээс замын нөхцөл байдалд тохируулан хурдаа хасах, тэмдэг тэмдэглэгээг сайтар анхаарах хэрэгтэй талаар тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна.

Зам тээврийн ослоос үүдэж амь эрсэдсэн тохиолдлын ихэнх нь орон нутгийн замд үүсэж байна. Тиймээс замын эвдрэл гэмтлийн арчилгаа, засварыг цаг алдалгүй хийж нөгөө талаас жолоочид анхаарал сэрэмжтэй жолоогоо барих хэрэгтэй байгаа юм.