Дохионы гэмтлийн улмаас галт тэрэгний осол гарсан байж болзошгүй гэж Энэтхэг улсын Тээврийн сайд мэдэгджээ

Энэ сарын 3-ны өдөр Энэтхэг улсад ачааны галт тэрэгний цуваа хоёр өөр чиглэлийн зорчигч тээврийн цуваатай мөргөлдсөн аймшигтай осол гарсан юм. Энэтхэгийн Тээврийн сайдын мэдээлснээр төмөр замын дохионы системд гэмтэл гарсны уршгаар осол гарсан байж болзошгүй байна.

Энэтхэгийн Тээврийн сайд Ашвини Вайшнав дохионы гэмтэл осол гарах үндсэн шалтгаан болсноос гадна галт тэрэгний зорчих хөдөлгөөний “Цахим түгжээг өөрчилсөн” байх магадлалтай талаар мэдээлжээ. Мөн тэрбээр Энэтхэгийн гурван галт тэрэг мөргөлдсөн ослын шалтгаан болон буруутай хүмүүсийг тогтоосон боловч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

Сүүлийн 20 жилийн хугацаад хамгийн их хохирол дагуулсан галт тэрэгний ослын улмаас 275 хүн амиа алдаж, 2000 орчим хүн шархадсан талаар Энэтхэгийн эрх баригчид мөн мэдээлжээ. Төмөр замын дохиолол дахь“Электрон түгжээний систем” нь галт тэрэгний цуваа бүрийн маршрутыг тогтоож, аюулгүй зорчих замын хөдөлгөөнөөр хангах ёстой байна. Харин уг хариуцлагатай ажлыг гүйцэтгэдэг албан тушаалтнууд тухайн мөчид алдаа гаргасан буюу галт тэрэгний цувааг буруу чиглүүлсний уршгаар дээрх осол гарсан гэж хөндлөнгийн шинжээчид таамаглаж байна.

Өнгөрөгч бямба гарагт Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди ослын газарт очиж хохирогчдын ар гэрийнхэнтэй уулзсан төдийгүй гэм буруутай этгээдүүдийг олж тогтоож, хатуу шийтгэхээ амласан байна. Калькута болон Ченнай хотын хооронд зорчиж явсан зорчигч тээврийн галт тэрэг дохиоллын системийн электрон түгжээг хэвийн ажиллаж байгаа гэж тооцоолж байсан ч алдаа гарч ачааны галт тэрэгний цувааны араас мөргөж замаасаа гарсны дараа гурав дахь зорчигч тээврийн галт тэрэг осолдсон хоёр галт тэрэгний араас ирж мөргөсөн байна.