Нийслэлийн зарим орон сууц, олон нийтийн үйлчилгээний газарт ахуйн хүрээний хортон шавж ихээр үүрлэх болсон байна. Ахуйн хортон шавж нь ихэвчлэн хуучны орон сууц, олон нийтийн үйлчилгээний газарт голчлон үүрлэдэг болохыг холбогдох албаныхан хэлж байна. Тэгвэл иргэд шавж устгалыг буруу аргаар хийснээр бусад байгууламж руу тархаах эрсдэл үүсгэдэг гэж үзэж байна.
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод нийтийг хамарсан ариутгал цэвэрлэгээ хортон шавж устгалын үйл ажиллагааг зохион байгуулаагүй учраас ахуйн хүрээнд хортон шавж үржих нөхцөл бүрджээ. Ихэнх барилга байгууламжид ахуйн 3-5 төрлийн хортон шавж зонхилон үүрлэж байгаа юм. Улмаар эдгээр шавж нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна.
Иргэд ихэвчлэн худалдагчийн зөвлөсөн хор, бодис зэргийг ашиглан өрхийн хэмжээнд устгал хийх тохиолдол их байна. Гэвч тухайн орон сууцны өрх бүр хамтран мэргэжлийн байгууллагад хандах нь чухал. Мөн ахуйн хортон шавж нь орон сууцны шугам хоолой нүх сүв зэргээр дамжин бусад айл өрх рүү тархдаг тул орон сууцны битүүмжлэлийг сайжруулах шаардлагатайг мэргэжилтэн анхааруулж байсан юм.
Монгол улсад 2023 онд ашиглаж болох ахуйн хортон, шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн зориулалтаар ашиглаж болох бодисын жагсаалтад 170 орчим бодисыг нэрлэсэн байна. Тэгвэл эдгээр бодисыг мэргэжлийн байгууллага болон холбогдох албадад хандан иргэд ашиглах шаардлагатайг мэргэжилтэн онцоллоо.