Чанарын шаардлага хангаагүй арматур үйлдвэрлэсэн компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалж зөрчлийн хэрэг үүсгэнэ

Барилга хот байгуулалтын сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулж, арматур, бетон зуурмаг, бетон эдлэлийн үйлдвэрийн бүтээгдэхүүний чанарт хяналт, шалгалт явуулж байгаа. Тус ажлын хэсэг импортын арматурын чанар, аюулгүй байдалд шалгалт хийж ажилласан бол хоёр дахь шатны шалгалтаа дотоодын арматурын үйлдвэрүүдэд хийсэн байна.

Монгол улс нь барилгын нийт арматурын хэрэгцээнийхээ 80 гаруй хувийг импортоор оруулж ирдэг бол үлдсэн 20 гаруй хувийг дотоодын 16 үйлдвэр ханган нийлүүлдэг. Тэгвэл барилгын гол нэр төрлийн материал болох арматурт чанарын хяналт шалгалтыг өнгөрөгч 3-р сараас эхлэн хийсэн. Шалгалтаар дотоодод үйл ажиллагаа явуулдаг арматурын 2 компанид зөрчил илэрчээ. Тодруулбал, “Мэлон Гүүд Трейдинг”, “Син Во Юань” ХХК-иуд хууль зөрчин үйл ажиллагаа явуулж, чанарын шаардлага хангахгүй арматур үйлдвэрлэж буй зөрчлийг илрүүлсэн байна.

Дотоодын арматурын зөрчил илэрсэн 2 үйлдвэрийн шаардлага хангахгүй 360 тонн арматурыг лацадсан байна. Мөн компанийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг цуцлах, зөрчлийн хэрэг үүсгэх арга хэмжээг авах талаар барилга хот байгуулалтын яамнаас мэдэгдлээ. Үүнээс гадна эдгээр чанарын шаардлага хангаагүй арматурыг барилга гүйцэтгэгч компанид нийлүүлсэн зөрчлийг холбогдох байгуулагатай хамтран арга хэмжээ авна гэсэн юм.