Монгол-Хятад-Оросын Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын худалдаа эдийн засгийн нэгдсэн чуулган болж байна

Монгол-Хятад-Оросын Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын худалдаа эдийн засгийн 16 дахь удаагийн нэгдсэн чуулган болж байна. Тус чуулга уулзалтаар гурван улсын эдийн засгийн коридорын асуудал тэр дундаа худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, татвар, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, хамтын ажиллагааг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа юм. Монгол-Хятад-Орос гурван улсын худалдааны нийт бараа эргэлтийн талаарх тоон мэдээллийг дэлгэцэд үзүүлье.

  • 2022 оны эцсээр монгол улсын гадаад худалдааны бараа эргэлт нийтдээ 21.2 тэрбум ам.долларт хүрсэн байна.
  • Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 64 хувийг БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж байгаа бол ОХУ-тай хийсэн худалдаа 12.7 хувийг эзэлж байна.
  • Мөн ОХУ геополитикийн асуудалтай байгаа боловч 2022 онд  Монгол улс нийт импортын 30 хувийг ОХУ-тай хийсэн нь сүүлийн 10 жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн үзүүлэлт юм байна. 
  • Харин 2019 онд Монгол улсад орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 6.4 хувийг БНХАУ ба ОХУ бүрдүүлж байсан бол 2022 онд 3.7 хувь болж буурсан үзүүлэлттэй байна.

Монгол-Хятад-Орос улсын эдийн засгийн хамтарсан төсөл, худалдааг бодитоор хэрэгжүүлэхэд олон асуудал үүсдэг байна. Тухайлбал, тээвэр логистикийн асуудал тэр дундаа үнийн тарифын асуудлаас шалтгаалж худалдааны эргэлт буурах хандлага ч байгаа юм. Мөн гаалийн асуудлыг арилгах чиглэлээр арга хэмжээ авах хэрэгтэй байна. Үүнээс гадна цахим худалдаа, дижитал зах зээлийг хөгжүүлэх шаардлага тулгарч байна.

Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Монгол Улсын Их хурлаас бизнесийн орчинтой холбоотой томоохон хуулиуд болох хөдөлмөрийн хууль, зөвшөөрлийн тухай хуулиудыг шинэчлэн баталсан. Мөн Эдийн Засаг Хөгжлийн яамны зүгээс хөрөнгө оруулалт, экспортын асуудлыг хариуцах болсон бөгөөд тус яамнаас гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулагчдад илүү таатай нөхцөл бүрдүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэх ажлын хэсэг ажиллаж байгаа. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг 6-р сардаа багтаан УИХ-д өргөн барихаар байгаа юм. Манай улсын хувьд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд тасралтгүй гадаадын хөрөнгө оруулалт буурсан үзүүлэлттэй байна.

Монгол-Хятад-Оросын Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын худалдаа эдийн засгийн 16 дахь удаагийн нэгдсэн чуулганд гадаадын 250 гаруй төлөөлөгч, Монгол улсаас 200 гаруй бизнес эрхлэгчид оролцож байна. Дэлхийн хоёр том гүрний эдийн засаг нийгмийн байдал нь Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдалд шууд нөлөө үзүүлдэг бөгөөд хөрш орнуудтай харилцах эдийн засаг худалдааны харилцаа маш чухал үүрэгтэй.