Энэ удаа төсөвт 1 их наяд 896 тэрбум төгрөгийн тодотгол хийнэ

2023 оны улсын төсөвт тодотгол хийх хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн. Өнгөрсөн баасан гарагт улсын нэгдсэн төсвийн 2023 мэдэгдэл, 2024-2025 онуудад төсвийн төсөөллийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцлээ.

Чуулганы эхэнд Монгол улсын Ерөнхий сайд Д.Оюун-эрдэнэ 2023 оны улсын төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг танилцууллаа. Тэрбээр шинэ сэргэлтийн бодлого, боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомтууд нээгдэж, уул уурхай тойрсон далд эдийн засгийг ил болгож эдийн засагт таатай үр дүнгүүд гарсныг онцоллоо.

Энэ удаа нийт 1 их наяд 896 тэрбум төгрөгийн тодотгол хийнэ. Үүнийг нийслэлийн түгжрэлийг шийдэх холбоос замын бүтээн байгуулалт, төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл, тэтгэврийн зөрүүг арилгаж нийт тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, хүүхдийн мөнгөнд зарцуулахаар тусгажээ. Төслийн хэлэлцүүлгийн үеэр гишүүд цалин, тэтгэвэр нэмж байгаатай холбоотой инфляц өсөх асуудлыг хэрхэн шийдвэрлэх болон бусад асуудлаар асуулт асуулаа.

УИХ-ын баасан гаргийн чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэн дараагийн хэлэлцүүлэгт буюу холбогдох байнгын хороонд шилжүүлжээ.