МИАТ компани орон нутгийн 9 чиглэлд 7 хоногт 1-3 удаа нислэг үйлдэхээр болжээ

Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд МИАТ компани орон нутгийн 9 чиглэлд 7 хоногт 1-3 удаа нислэг үйлдэхээр болж байна. Ингэснээр орон нутгийн нислэгийн тийз 2-2.5 дахин хямдарч байгаа юм. Энэ нь орон нутгийн сэргэлтэд, тэр дундаа Ховд, Мөрөн, Даланзадгад, Чойбалсан гэсэн орон нутгийн 4 нисэх онгоцны буудлыг олон улсын нисэх буудал болгох ажилд ахиц гаргахад  чухал нөлөөтэй гэж үзэж байна. 

7-р сарын 1-ээс эхлэн Чойбалсан, Даланзадгад, Мөрөн, Улиастай, Алтай, Ховд, Улаангом, өлгий гэсэн 9 чиглэлд долоо хоногт 1-3 удаа нислэг үйлдэнэ. Үнийн хувьд Баян-Өлгий аймаг руу нисэх тийз хоёр талдаа 1.7 сая төгрөгийн үнэтэй байсан бол хоёр талдаа 810-900 мянган төгрөг, нэг талдаа 405-450 мянган төгрөг болж хямдрах юм байна.

Харин Ховд аймаг хоёр талдаа 1.5 сая төгрөг байсан бол 810-902 мянга, нэг талдаа 400-451 мянга болж байгаа юм. Мөрөн хот руу нэг нислэг 1.5 сая байсан бол хоёр талдаа 500-680 мянга болж тийзийн үнэ 3 дахин буурахаар болсон байна. Мөн Чойбалсан чиглэлд онгоц нисэхгүй байгаа ба хоёр талдаа 540-620 мянга, нэг талдаа 260-310 мянга гэсэн үнэ, тарифаар 7-р сарын 1-ээс МИАТ компани нислэг үйлдэж эхэлнэ. Тийзийн захиалга энэ сарын 15-ны өдрөөс эхлэх юм байна.