Нийслэлд хүүхдийн тоглоомын 1400 гаруй талбай байдаг ч 60 хувь нь стандартын шаардлага хангаагүй эвдэрч, хэмхэрсэн байдалтай байна. Хүүхдэд аюул учруулж болзошгүй эдгээр тоглоом, хашаа хайсыг сайн дураараа гагнах, засварлахаар гагнуурчид нэгджээ. Иргэдийн өгсөн санал хүсэлт, дуудлагын дагуу нэг газарт 4-6 гагнуурчин ажиллаж байна.
Нийслэлд 1452 хүүхдийн тоглоомын талбай байна. Эзэмшлийн хувьд төрийн байгууллагын харьяа 757, төрийн бус байгууллагын харьяа 649, харьяалалгүй 92, стандарт шаардлагын хувьд солих шинэчлэх шаардлагатай 583 тоглоомын талбай байна. Мөн огт тоглоом байдаггүй 143, 1-3 ширхэг тоглоомтой 683, наймаас дээш тоглоомтой 130 тоглоомын талбай байна.
Орон сууцны дундах тоглоомын талбайг Сууц өмчлөгчдийн холбоо хариуцдаг ч засварлах хөрөнгө мөнгө, хүний нөөцийн дутагдалтай гэдгийг хэлж байна.
Энэ мэтчилэн тоглоомын талбай засварлах гагнуурчдын сайн дурын ажил 6-р сарын 27-ныг дуустал үргэлжлэх юм байна. Иргэд Фэйсбүүк дэх “Ирээдүй аян” группд нэгдэж засварлах тоглоомын талбай, байршлаа санал оруулах боломжтой. Мөн цаашид салбар салбараараа өөрсдийн чадах зүйлээрээ нэгдэж нийгэмд үлгэр дуурайлал болохыг гагнуурчид уриалж байсан юм.