ЗГ-аас хэрэгжүүлж байгаа эрчим хүчний салбарын сэргэлтийн хүрээнд “Амгалан дулааны станц”-ыг өргөтгөж, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Улиастай орчимд бий болох орон сууцны шинэ хорооллуудыг дулааны эрчим хүчээр хангах өргөтгөлийн төслийн ажил энэ оны 4-р сард эхэлсэн. “Амгалан дулааны станц” нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн 13 орчим хувийг дангаараа хангадаг бөгөөд өргөтгөлийн ажил дууссанаар нийслэлийн дулаан хангамжийн 31 хувийг хангадаг дулааны 3-р цахилгаан станцын ачааллыг хуваалцах боломж бүрдэх юм.
Одоогоор “Амгалан дулааны станц” нь Баянзүрх дүүрэг, Зүүн 4 зам, Монгол кино үйлдвэр урагшаа Ахмадын хороолол, Дүнжингарав зэрэг замын хоёр талаар гэсэн ерөнхий чиглэлүүдийг дулаанаар хангаж байгаа. Харин өргөтгөл хийснээр Баянзүрх дүүрэгт баригдаж байгаа орон сууцны хэрэглэгчдийг дулаанаар хангах урьдчилсан захиалгатай байна.
“Амгалан дулааны станц”-ын өргөтгөлийн санхүүжилтийн 85 хувийг Хөгжлийн банкнаас олгож байна. Харин үлдсэн 15 хувийг өөрсдийн үйл ажиллагааны орлогоосоо санхүүжүүлж байгаа юм. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын компани байгаа бөгөөд барилга угсралтын ажил 16 сарын хугацаанд хийгдэж дуусах юм. Тус төслийн нийт өртөг 65 тэрбум төгрөг. Мөн өргөтгөлийн хүрээнд 28.000 м.куб үнс хадгалах агуулах барихаар төлөвлөжээ.
Монгол улсад 1986 онд дулааны 4-р цахилгаан станц баригдсанаас хойш эрчим хүчний нэг ч шинэ эх үүсвэр төрийн зүгээс байгуулж чадалгүй ирсэн юм. Эрчим хүчний импортод жил бүр дунджаар 400 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг. Одоогоор үйл ажиллагаа явуулж буй дулааны станцуудын насжилт 35-60 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний насжилт 32-62 жил болж 40 гаруй хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан байна. Гэтэл жил бүр Улаанбаатар хотын хүн ам нэг аймгийн хүн амтай тэнцэхүйц хэмжээгээр нэмэгдэж, нэмэлт эх үүсвэрүүдийг шаардаж байгаа юм.