Гандантэгчэнлин хийдэд шавилан суралцаж байгаа 13 настай хүүхэд биеийн болоод бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртсөн хэрэг гарсан. Энэхүү асуудалтай холбогдуулан Гандантэгчинлэн хийдээс өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийсэн. Шүүхийн байгууллагаас хэргийн үнэн эсэхийг тогтоогоогүй байхад байгууллагын нэр хүндэд халдах нь буруу гэж үзэж байгаагаа тэд илэрхийлжээ.
Гандантэгчэнлин хийдийн төлөөллүүд хууль хяналтын байгууллагад энэхүү хэргийг шалгуулах хүсэлт гаргасан байна. Тэд хэлэхдээ хууль хяналтын байгууллагууд хэргийн үнэн эсэхийг шалгаж тогтоогоогүй байхад нийгмийн сүлжээгээр шүүж, нэр бүхий УИХ-ын гишүүд шүүмжилсэн нь Гандантэнлин хийдийн нэр хүндэд халдсан гэж үзэн уучлал гуйхыг шаардсан байна.
Мөн өнөөдөр хүүхдийн эрх ноцтой зөрчсөн асуудал яригдаж байхад Гандантэгчэнлин хийдийн лам нар нэр хүндээ хамгаалах үйлдэл хийж байгааг хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл шүүмжилж байсан юм. Мөн тэрбээр Гандантэгчэнлин хийдийн удирдлагуудад хүүхдийн эрхийн тухай, гэр бүлийн хүчирхийлэл хүүхэд хамгаалал хүүхдийн эрхийн тухай конвенц зэрэг хууль тогтоомжуудад үндэслэн шаардлага хүргүүлсэн.
Энэхүү хэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэлснээр Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт тус хэргийн харьяаллыг шилжүүлсэн гэдгийг цагдаагийн байгууллагаас өгсөн юм. Ингэхдээ улсын Ерөнхий прокурорын газраас мөрдөн байцаах албаны хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэст харьяалал тогтоолгон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.