Хэрэгт холбогдогч хүү: 20 гаруй насны “Т” гэх лам ах согтуу үедээ айлган дарамталж, том хүний бичлэг үзүүлье гэсэн

Монголын бурхан шашинтны Төв Гандантэгчинлэн хийд дэх дотуур байранд хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн хэрэг гарч багагүй шуугиан дагуулж байгаа. Тэгвэл хүчирхийллийн хэргийн гурван хохирогч хүүхэд, мөн уг хэрэгт холбогдсон байж болзошгүй дөрвөн хүүхэд, нийт долоон хүүхэд шүүх эмнэлгийн шинжилгээнд хамрагджээ. Эдгээр хүүхдүүдийн шинжилгээний хариу гарсан ч нийтэд мэдээлэх үгүйг прокурорын байгууллагын зөвшөөрөлд үндэслэн шийднэ гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Цагдаагийн байгууллагаас Төв Гандантэгчинлэн хийдэд хяналт шалгалт хийж хамаарал бүхий хүмүүсийг байцаалтад оруулсан байна. Уг хэрэгтэй холбогдуулан хохирсон болон хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй нийт долоон хүүхдэд хийсэн шүүх шинжилгээний хариу гарсан ч прокурорын байгууллагаас зөвшөөрсөн тохиолдолд хэргийг нийтэд дэлгэнэ.

Дээрх хэрэгт холбогдсон гэх хүүхдүүдийн төлөөлөл болон хүүгийн ээжээс болсон хэрэг явдлын талаар тодрууллаа. Тэд энэхүү хэрэг явдлын талаар үгүйсгэж хүчирхийлэл үйлдээгүй хэмээсэн юм. Харин эдгээр хүүхдүүдийн дээд үе гэгдэх 20 гаруй насны Т гэх лам согтуурсан үедээ айлгаж дарамталж, том хүний кино үзүүлье гэх зэргээр бэлгийн дарамт үзүүлсэн байж болзошгүй талаар ярьлаа

Тэгвэл Монголын бурхан шашинтны Төв Гандантэгчинлэн хийдийн төлөөлөл болсон хэрэг явдлыг хуулийн байгууллага шийднэ. Хэрэв тухайн хэрэг үйлдэгдсэн гэдэг нь тогтоогдвол хийдийн зүгээс хатуу хариуцлага тооцох юм.

Мөн Т нь энэхүү үйлдлээ цагдаагийн байгуулагд хэлж болохгүй гэж дарамталсан талаар хүү ярьж  байсан юм. Харин уг үйлдлийн талаар багшдаа хэлснээр дээрх Т хэмээх лам Төв Гандантэгчинлэн хийдээс хөөгджээ.