2023 оны төсвийн тодотголын 2 их наяд төгрөгийн 90 орчим хувийг ХНХЯ-д зарцуулахаар байгаа юм. Энэ ажлын хүрээнд иргэдийн тэтгэврийг шинэчлэн тогтоохдоо зөрүүг нь арилгаж байгаа юм. Түүнчлэн төрийн албан хаагчдын цалинг 7-р сарын 1-ээс нэмэгдүүлж байгаа талаар өчигдөр ХНХЯ-аас мэдэгдлээ.
Улсын хэмжээнд НДС-аас тэтгэвэр авагчдын 75 орчим хувь нь буюу 361.000 иргэн доод хэмжээгээр тэтгэвэр авч байгаа юм. Тэгвэл 7-р сарын 1-ээс эхлэн ахмадын тэтгэврийг шинэ итгэлцүүрийн дагуу бодож нэмэх бөгөөд 10 хувиар нэмж байна. Үүнд нийтдээ 496.000 гаруй иргэн хамрагдаж байгаа. Нийгмийн даатгалын сангаас 194.4 тэрбум төгрөгийг нэмж зарцуулна. Ингэснээр дундаж тэтгэвэр 555.000 төгрөг байсныг ойролцоогоор 630.000 төгрөгт хүргэхээр байгаа юм. Мөн 7 дугаар сарын 1-ний өдрөөс халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж нэмэгдэж байна.
Энэ удаад нийт ахмадын тэтгэврийг шинэ итгэлцүүрийн дагуу бодож тогтоож байгаа юм. Энэ нь тэтгэврийн зөрүүг арилгана. Монгол улс нь өмнө нь 30 жилийн хугацаанд нийт 6 удаа тэтгэврийн зөрүүг арилгахаар өөрчлөлт шинэчлэлт хийж байжээ.
Мөн төрийн албан хаагчдын цалинг 7-р сарын 1-ээс 26-50 орчим хувиар нэмэгдүүлж байгаа. Үүнд 991 тэрбум төгрөгийг зарцуулахаар байна. Задалж харуулбал, төрийн тусгай албан хаагчдын цалинг дунджаар 242.000 төгрөгөөр нэмж 1 сая төгрөг болгоно. Харин төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалинг 30 хувиар нэмэгдүүлж байгаа юм. Мөн төрийн захиргааны албан хаагчдын цалин хамгийн багадаа 1 сая төгрөг байхаар тооцож байгаа юм.