Бензолин, формальдегид бодис нь хорт хавдар үүсгэхэд хүчтэй нөлөөлдөг

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хийсэн шинжилгээ, судалгаагаар барилга, орон сууц, сургуулийн орчинд  бензолин, формальдегид зэрэг хүчтэй хорт хавдар үүсгэгч бодис илэрсэн байна. Хүн амьдралынхаа 80 орчим хувийг дотоод орчинд өнгөрүүлдэг тул энэ асуудалд зайлшгүй анхаарах шаардлагатайг мэргэжилтнүүд хэлж байна.

Нийслэлийн 140 барилгаас 580 орчим дээж авч судалгаанд хамруулахад бензолин, формальдегид зэрэг хүчтэй хорт хавдар үүсгэгч бодис илэрсэн байна. Уг хорт бодис нь  барилгын материалын будаг  засварын  материал, гэр ахуйн тавилга зэргээс ялгардаг байна. Улмаар хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж элдэв төрлийн хорт хавдар үүсгэхэд нөлөөлдөг байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дотоод орчинд бензолин, формальдегид буюу хорт хавдар үүсгэгч бодис 30-аас илүү хувиар илэрч болохгүй гэж заасан байдаг. Харин манай улсад энэхүү заалтаас өндөр түвшинд байгаа нь ирээдүйд хавдраар өвчлөгсдийн тоог нэмэгдүүлэх эрсдэлтэй юм. Монгол улсын үндсэн хуульд иргэн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан байдаг. Гэвч энэ хууль бүрэн хэрэгжиж чадахгүй байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Иймд иргэд дотоод орчиндоо засвар үйлчилгээ хийсэн бол доод тал нь 30-60 хоногийн турш тухайн барилга байгууламжид амьдрахгүй байх, шинээр ашиглалтад орсон барилгыг ямар материал ашиглан барьсныг шалгах шаардлагатайг мэргэжилтнүүд сануулж байна.