Шөнийн автобус ээлжийн ажилтнууд болоод залуусын санхүүг хэмнэж байна

Энэ сарын 15-аас эхлэн нийслэлийн 6 чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж эхэлсэн. Чиглэл тус бүрд хоёр автобус оройн 22:00 цагаас шөнийн 2 цаг хүртэл үйлчилгээнд явж байна. Энэ нь иргэдэд, ялангуяа оройн ээлжийн ажилтай хүмүүст нэн хэрэгтэй үйлчилгээ болж байгаа бөгөөд цаашид чиглэлийн тоог нэмэх, мөн жилийн дөрвөн улиралд тус үйлчилгээг хэрэгжүүлэх бодит шаардлага байгааг иргэд хэлж байгаа юм. Тиймээс Нийтийн тээврийн газраас чиглэлийн тоог нэмэгдүүлэхээр судалгаа хийж байгаа талаар мэдээлжээ.

Сүхбаатарын талбайн автобусны буудал дээр оройн 23:00 цагт 20 гаруй иргэн шөнийн автобус хүлээж байсан юм. Иргэдийн дийлэнх нь шөнийн ээлжийн ажлаасаа бууж гэрийн зүг явж байсан юм. Уг автобусны буудлаас ботаник хүртэлх чиглэлд 22 минутын зайтай хоёр автобус үйлчилгээнд явдаг байна. Энэ нь иргэдийн санхүү, аюулгүй байдалд эергээр нөлөөлөхүйц үйлчилгээ болжээ.

Шөнийн автобуснууд

  • “5 шар-сүхбаатарын талбай”
  • “Сүхбаатарын талбай-Ботаникийн эцэс”
  • “Шархад-3, 4-р хороолол”
  • “3, 4-р хороолол-Өнөр хороолол”
  • “Зунжин худалдааны төв –Ард кино театр”
  • “МУБИС-Шинэ яармаг хороолол” хүртэлх 6 чиглэлд

Оройн 22:00 цагаас шөнийн 2:00 цаг хүртэл нийт 12 автобус үйлчилгээнд явж шөнөдөө 1000 гаруй иргэнд үйлчилж байна. Харин хойшоо чиглэл буюу Баянхошуу, Зүүн Салаа, Баруун Салаа чиглэл рүү шөнийн автобус үйлчилгээнд явуулах, чиглэлийг нэмэх. Цаашлаад жилийн дөрвөн улиралд тус үйлчилгээг хэрэгжүүлэхийг иргэд хүсэж байсан юм. Харин нийтийн тээврийн газраас судалгаа хийж байгаа талаар мэдээллээ. Мөн чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 7004-4040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна. Иргэд нийтийн тээврийн газрын Фэйсбүүк хуудаст хандан аль чиглэлд автобусны үйлчилгээг явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэх боломжтой байна. Шөнийн автобусыг 9-р сарын 15-ыг дуустал үйлчилгээнд явуулахаар төлөвлөжээ.