“Атар” талхны үнэ нэг өдрийн дотор 200-300 төгрөгөөр нэмэгджээ

7-р сарын 1-ээс цалин, тэтгэвэр нэмэгдсэн. Харин үүнтэй холбогдуулан бараа бүтээгдэхүүний үнэ мөн нэмэгдэж эхэлснийг иргэд хэлж байна. Өнгөрөгч 7 хоногт Үндэсний статистикийн хорооноос бараа бүтээгдэхүүний үнэ цаашид буурах хандлагатай байна гэж мэдээлсэн ч бодит байдал дээр нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Өнгөрсөн 7 хоногт Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 3.5 хувиар өссөн ч өмнөх 7 хоногоос 0.6 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан юм. Ингэснээр тогтмол өсөж байсан бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт буурах хандлага ажиглагдаж байна гэж ҮСХ-оос мэдээлсэн. Гэвч бодит байдал дээр худалдаа эрхлэгчдийн зүгээс цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдсэнтэй зэрэгцэн бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа талаар хэлж байсан юм. Тухайлбал гол нэрийн бараа болох талхны үнэ өнөөдөр нэмэгдсэн байна.

Зарим худалдаа эрхлэгчдийн зүгээс зах худалдааны төвүүдийн худалдаачид үнэ нэмээгүй харин үйлдвэрээс үнэ нэмэгдэж ирж байгаа талаар хэлсэн юм. Өнөөдрийн байдлаар “Алтжин бөмбөгөр” худалдааны төвд иргэдийн гол хүнсний бараа бүтээгдэхүүн болох төмс 1800 төгрөг, лууван 2500 төгрөг, манжин 6000 төгрөг, Хятад сонгино 3500 төгрөг, Монгол сонгино 6000 төгрөгний үнэ ханштай байна. Харин мах махан бүтээгдэхүүний хувьд хонины ястай мах 14500-15500 төгрөгийн хооронд, үхэр болон адууны мах 20000-22000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа юм. Энэ нь Үндэсний статискийн хорооноос гаргасан хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний дундаж үнээс 1-2 хувиар өндөр үзүүлэлт юм.

Тэгвэл иргэдийн зүгээс зарим дүүргийн зах худалдааны төвүүдэд цалин, тэтгэвэр, халамж нэмэгдэхээс 7 хоногийн өмнө бараа бүтээгдэхүүний үнэ өссөн нэгэнт өссөн бараа бүтээгдэхүүний үнэ эргэж буудаггүй тул энэ нь иргэдийн амьдралд хүндээр туссаар байгаа талаар хэлж байсан юм.