Соёл, урлагийн салбарын ажилтнуудын цалингийн доод хэмжээ 1 сая төгрөг болж нэмэгджээ

Энэ сарын нэгнээс эхлэн төрийн албан хаагчдын цалинг хамгийн багадаа 20 хувиар нэмэгдүүлсэн. Тэр дундаа соёлын салбарынхны цалин бусад салбартай харьцуулахад дунджаар хамгийн өндөр буюу 61 хувиар нэмэгдсэн байна. Ингэснээр тус салбарын ажилтны цалингийн доод хэмжээ нэг сая төгрөг болжээ.

Өнгөрсөн хугацаанд соёл, урлагийн салбарын ажилчдын цалин 570.000-995.000 төгрөгийн хооронд байсан. Өөрөөр хэлбэл, 452 байгууллагын 6.245 ажилтан ийм хэмжээний цалин авч байсан юм. Цалингаасаа НДШ, ХХОАТ-ыг төлөөд гар дээрээ дунджаар 620 мянган төгрөгийн цалин авдаг байлаа. Энэ нь бусад төрийн байгууллага болон боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилчдын цалингаас 6-25 хувь бага байсан юм. Харин 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд соёлын салбарын цалингийн сан 38.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь тус салбарын ажилтнуудад томоохон дэмжлэг болжээ.

Тухайлбал, тасалбар шалгагч, түгээгч, тайз, жижиг хэрэглэлийн туслах ажилтан, ном, хэвлэл сэлбэн засагч, музейн үзмэр харгалзагч нар салбар дундаа хамгийн бага буюу 590 мянга 900 төгрөгийн үндсэн цалинтай байжээ. Харин энэ сарын нэгнээс эхлэн эдгээр ажилтнуудын цалин 1 сая төгрөг болж 69 хувиар нэмэгдсэн байна.

Харин салбар дундаа хамгийн өндөр цалинтай удирдлагууд буюу Үндэсний театр, Эрдмийн театр, Чуулгын захирлын үндсэн цалин 995 мянга 800 төгрөгөөс 1 сая 547 мянган төгрөг болж 55 хувиар нэмэгджээ. Ингэснээр соёлын салбарын дундаж цалин 61 хувиар нэмэгдэж 1 сая 267 мянга 500 төгрөг болж байна.

Өнгөрсөн жилүүдэд соёлын салбарын ажилтан, албан хаагчид цалингаас гадна нэмэгдэл, урамшуулал авах хууль эрх зүйн орчин байгаагүй юм. Харин соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга мөрдөгдөж эхэлснээр ажилтнууд төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, орон нутгийн нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, зэрэг дэвийн нэмэгдэл, эрдмийн зэрэг цолын нэмэгдэл, хоол унааны нөхөх олговор зэрэг нийт 10 төрлийн нэмэгдэл авах боломжтой болсон байна. Мөн төсвөөс давсан орлогынхоо 60 хүртэлх хувийг ажилтнуудынхаа нийгмийн баталгаанд зарцуулах боломжтой болжээ.