Өөх тостой, бүхэл хоол хүнсийг архи спирттэй хольж хэрэглэх нь нойр булчирхайн цочмог үрэвсэлд хүргэдэг

Сүүлийн жилүүдэд нойр булчирхайн архаг үрэвсэлтэй  иргэдийн тоо огцом нэмэгджээ. Энэ нь иргэдийн амьдралын буруу хэвшил, буруу хооллолттой холбоотой юм. Ялангуяа баяр наадмын өдрүүдэд иргэд өөх тостой, бүхэл хоолыг архи согтууруулах ундааны хамт хэрэглэдэг нь нойр булчирхай үрэвсүүлж, ходоод цочроодог төдийгүй цаашлаад амиа алдах эрсдэл ч дагуулдаг байна.

Нойр булчирхайн цочмог үрэвсэл нь нас баралт өндөртэй эмгэг бөгөөд үрэвслийн хэлбэр, олон эрхтний хүндрэлээс шалтгаалан эмчлэх хугацаа харилцан адилгүй байдаг. Нойр булчирхайн цочмог үрэвслийн хүнд хөнгөний зэргээс нь шалтгаалан эмийн болон мэс заслын эмчилгээ хийдэг. Өвчин хүндрэн мэс заслын эмчилгээнд орсон дийлэнх тохиолдолд амь насанд нөлөөлөх хэмжээний эрсдэлтэй байдаг байна. Тухайлбал Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт баяр наадмын дараагаас эхлэн үйлчлүүлэх иргэдийн тоо ердийн үетэй харьцуулахад 2 дахин нэмэгддэг байна.

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн сүүлийн жилүүдийн статистик мэдээллээс харахад хөдөлмөрийн насны, өөрөөр хэлбэл идэр залуу, дунд насны эрэгтэй хүмүүс нойр булчирхайн цочмог үрэвслээр өвдөх нь нэмэгдэх болсон байна. Хэдийгээр баяр наадмын өдрүүдэд өөх тостой бүхэл хоолыг хэрэглэж болох ч архи согтууруулах  ундааны төрлийн зүйлтэй хольж хэрэглэх нь буруу гэдгийг эмч сануулж байна.