Үерийн улмаас гэдэсний халдварт өвчин нэмэгдэх магадлалтай байна

Он гарсаар улсын хэмжээнд 3800 иргэн гэдэсний халдварт өвчнөөр өвчилсөн байна. Түүнчлэн 500 орчим хүн цусан суулгаар өвчилжээ. Эдгээр нь өнгөрсөн жилтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Сүүлийн өдрүүдэд үргэлжлэн орсон борооны  үерийн ус, тогтоол, шалбаагаас олон төрлийн халдвар үүсэх, дамжих эрсдэл бий болж байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Үер уснаас шалтгаалан гэдэсний халдварт өвчин буюу цусан суулга, гар хөл, амны өвчлөлийн гаралт нэмэгдэх хандлагатай байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлсэн. Үерийн ус, тогтоол, шалбаагаас олон төрлийн халдвар, тэр дундаа гэдэсний халдварт өвчин үүсэх магадлал өндөр байдаг тул үүнээс сэргийлж, хувийн болон ахуйн  ариун цэврийг сайтар сахихыг сануулж байна. Гэдэсний халдварт өвчин нь бохир гараар дамждаг. Мөн бохирдсон хоол хүнс, усаар дамжин халдварлана. Хүн хоногт 10-аас дээш удаа шингэнээр гүйлгэвэл гэдэсний халдвар байх магадлалтай учраас эмнэлэгт хандах хэрэгтэйг албаныхан мэдээлж байна. Суулгалт халдваруудын үр уршиг нь хүндэрч, алсдаа ходоод, бүдүүн гэдэсний хортой, хоргүй хавдар үүсгэж, элгийг гэмтээдэг байна.

Үер уснаас үүдсэн бохирдлыг үүсгэж байгаа бохирын цооног, нүхэн жорлонг яаралтай халдваргүйжүүлэх арга хэмжээ авах нь чухал байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. Түүнчлэн иргэд гарын ариун цэврийг сайтар сахиж, түүхий ус уухгүй байх, үерлэсэн гол мөрөн туулахгүй байхыг анхааруулж байна.