Зуны улиралд гадаад, дотоодын аялал зугаалга, үндэсний их баяр наадам, аймгуудын ойн баяруудтай холбоотойгоор орон нутгийн замд хөдөлгөөний эрчим ачаалал нэмэгддэг. Ачааллаа дагаад зам тээврийн ослын тоо ч нэмэгддэг байна. Тиймээс хөдөө орон нутгийг зорих иргэд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурд хэтрүүлэхгүй зорчихыг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна.
Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд зааснаар орон нутгийн замд явах дээд хурд нь цагт 80 км-ээс хэтрэхгүй байх ёстой. Гэтэл жолооч хурд хэтрүүлсэн, согтуугаар жолоодсон, хамгаалалтын бүсээ зүүгээгүй, жолоодох эрхгүй хүнээр машинаа бариулсан гэх мэт олон шалтгаанаас үүдсэн зам тээврийн ослоор амиа алдах хүний тоо ихэссээр байна. Мөн энэ тоо баяр наадмын үеэр эрс нэмэгддэг юм. Үүнтэй холбоотойгоор тээврийн цагдаагийн албанаас 6-р сарын 30-ны өдрөөс эхлэн “Нэг зам, нэг соёл” аяныг зохион байгуулж байгаа бөгөөд үүний хүрээнд иргэд, хөдөлгөөнд оролцогч нарт зориулан үнэ төлбөргүй аппликейшныг хийж байна. Ингэснээр иргэд орон нутагт дахь замын талаарх мэдээлэл тэр дундаа осол их гардаг зам, байршлын талаарх мэдээллийг шууд авах боломжтой болж байна.
Улсын хэмжээнд нэг жилийн дотор бүртгэгддэг зам тээврийн ослоос шалтгаалж амиа алдсан нийт тохиолдлын 80 гаруй хувь нь орон нутгийн зам дээр бүртгэгддэг. Мөн зам тээврийн ослын нийт тохиолдлын 97 хувь нь жолоочийн буруутай үйл ажиллагаанаас болдог бол үлдсэн хувь нь явган зорчигч, тээврийн хэрэгсэл болон замын эвдрэл гэмтлээс шалтгаалдаг байна.
Дэлхийд нас баралтын тэргүүлэх 10 шалтгаанд зам тээврийн осол тогтмол орж байгаа. Манай улсын хувьд ч хүн амын нас баралтын эхний 10 шалтгааны нэг нь зам тээрийн осол бөгөөд жилд дунджаар зам тээврийн ослоор 500 гаруй хүн амиа алдаж байна. Үүнийг 360 хоногт хувааж үзвэл өдөр бүр ойролцоогоор 1-2 хүн тогтмол амь эрсдэж байна гэсэн үг. Үүний ихэнх хувь нь орон нутгийн замд үүсэж байгаа юм. Тиймээс замын нөхцөл байдалд тохируулан хурдаа хасах, тэмдэг тэмдэглэгээг сайтар анхаарах хэрэгтэй талаар тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна.