Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Марокко улсын Мараккеш хотын ойролцоо 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, бүс нутгийн 2100 гаруй оршин суугч амь эрсэдсэн юм

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Марокко улсын Мараккеш хотын ойролцоо 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, бүс нутгийн 2100 гаруй оршин суугч амь эрсэдсэн юм. Тэгвэл газар хөдлөлтийн дараа сураггүй алга болсон, амьд үлдсэн байж болзошгүй иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа тухай Марокко улсын эрх баригчид ням гарагт мэдээлжээ.

Аврагчид Атласын нурууны зарим алслагдсан бүс нутгийн иргэдэд хүрч, тусламж үзүүлэхэд онцгой анхаарал хандуулж байгааг дотоодын хэвлэлүүд мэдээлж байна. Марокко улсын эрх баригчид хилийн чанадаас үзүүлэх тусламжийг хүлээн авахад бэлэн гэдгээ илэрхийлсний дараа АНУ, Испани, Их Британи, Франц тэргүүтэй улс орнууд аврагчдаа газар хөдлөлтийн гамшиг нүүрлэсэн бүс нутаг руу илгээж эхэлсэн байна.

6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт нь Марокко улсын аялал жуулчлалын төв болох Марракеш хотоос баруун өмнө зүгт 72 километрийн зайд бүртгэгджээ. Газар хөдлөлтийн уршгаар Атласын нурууны энгэр бэлд орших хот тосгодын олон мянган оршин суугч амь эрсэдсэн төдийгүй олон зуун байшин барилга нурж, сүйдсэн байна.

Түүнчлэн өнгөрөгч ням гарагт Мараккеш хотын ойролцоо дахин 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд аврагчид эрэлч нохдын хамтаар 300 орчим хүнийг барилгын нуранги доороос гарган авч эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгөөд байна. Түүнчлэн тосгоны оршин суугчид нурангид дарагдсан хүмүүсийг олохын тулд гараараа ухаж, аврах ажиллагаа явуулахад хүрч байгаа юм байна. Барилгын нурангийг зайлуулж хүмүүсийг аврахын тулд кран, том даацын чирэгч машин техник хэрэгсэл зайлшгүй шаардлагатай байгаа талаар тэд ярьжээ.

Марокко улсад томоохон хохирол дагуулсан газар хөдлөлт 30 жилийн давтамжтайгаар болдог төдийгүй 1960 онд 12 мянган хүн, 1992 онд 1500 гаруй хүн газар хөдлөлтийн гамшгийн улмаас амиа алдаж байжээ.