Автомашиныг тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр хэрэгжиж эхэлснээр түгжрэл 40 хүртэлх хувиар  буурчээ

Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэн энэ үед замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор өнгөрөгч сарын 26-аас эхлэн тээврийн хэрэгслийг тэгш сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийсэн. Тэгвэл дээрх зохицуулалтыг түр хугацааны шийдэл гэж үзэж байгаа бөгөөд цаашид энэ хэвээр удаан үргэлжилбэл дахин машин худалдаж авна гэж хэлэх иргэд олширч байна.

Автомашиныг тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр хэрэгжиж эхэлснээр түгжрэл 40 хүртэлх хувиар  буурсан байна. Харин энэхүү шийдвэр энэ сарын 15-ны өдрөөр  дуусгавар болох юм. Тэгвэл иргэдийн зүгээс энэ хугацаанд замын хөдөлгөөнд оролцоход хүндрэлтэй байсан тухайгаа хэлсэн байна. Зарим иргэдийн зүгээс ажлаа амжуулахын тулд дахин машин худалдан авах бодолтой байгаагаа ч хэлсэн юм.  Харин уг  шийдлийг нийтийн тээврээр зорчдог иргэд дэмжиж байсан юм. 

Цаашид түгжрэлийг бууруулах зорилгоор 11-р сард бүх автомашинд цахим гэрчилгээг суурилуулах юм байна. Ингэснээр торгууль, татвараа төлөөгүй болон ашиглалтын шаардлага хангахгүй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох боломжгүй гэдгийг албаныхан мэдээлж байна.

Харин Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас албан ёсоор тэгш сондгой дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх тухай мэдээлэл гаргаагүй болохыг мэдэгдсэн юм.