Манай улсад анх удаа Морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа

Манай улсад анх удаа Морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа. 20 гаруй орны 90 мэргэн харваач өрсөлдөж, олон улсын хүндтэй шүүгчид шүүсэн уг тэмцээн 4 өдрийн турш өрнөж өндөрлөсөн байна. Нүүдэлчдийн түүх соёл, өв уламжлалыг олон улсад таниулсан спортын болоод соёлын томоохон арга хэмжээ амжилттай болж өндөрлөснийг зохион байгуулагчид онцолж байна.

Өнө эртний уламжлалт соёлын өв “Морьт харваа” нь Монгол улсын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэлийн “уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага” төрөлд албан ёсоор бүртгэгдсэн байдаг. Зарим судалгааны материал, эх сурвалжуудад Морьт харвааны арга барил нь нүүдэлчид тэр дундаа Монголын түүхтэй салшгүй холбоотой ч гэж тэмдэглэсэн байдаг. Тэгвэл энэ эртний түүх, ёс уламжлалыг олон улсад батлан таниулах морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол улсад анх удаа “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт 09 дүгээр сарын 07-10-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд АНУ, Франц, Австрали, Канад, Герман, Унгар, Өмнөд Африк зэрэг 24 орны 90 гаруй харваач хурд хүч, цэц мэргэнээ сорин оролцлоо.

Морьт харваачид 10 секундэд 150 метр зайг туулах замдаа хамгийн багадаа 4 байд сум тавьдаг. Хурд хүч, эрэмгий зориг, цэц мэргэнийг нэг дор сорин өрсөлдөх энэхүү дэлхийн аваргын тэмцээнд багийн дүнгээр Казакстан улсын тамирчид 3 дугаар байрт орсон бол Монгол улсын баг тамирчид 2 дугаарт байрт шалгарлаа. Харин дэлхийн аваргын цомыг Франц улсын баг тамирчид гардан авлаа.

Тус тэмцээний үеэр Морьт харвааны мэргэжлийн холбоодууд олон улсын тэмцээний дүрэмд Монголын уламжлалт харваа болох “Бөмбөг намнаа” харвааг оруулж батлуулсан нь чухал үйл явдал болжээ.

Олон улсын Морьт харвааны холбоо, Соёлын Яам, Монголын Морьт харваачдын холбоо болон харьяалагдах байгууллагуудын хамтран зохион байгуулсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь олон улсад нүүдэлчдийн соёл, тэр дундаа Монгол соёл уламжлалыг спорттой хослуулан таниулсан чухал үйл явдал болсныг олон улсын тамирчид болоод зохион байгуулагчид онцолсон байна.