Энэ оны эхээр Японы Засгийн газар аялал жуулчлалын салбараа эргэн сэргээх кампанит ажил эхлүүлэн хилээ нээж, гадаадын зочдыг хүлээн авахад бэлэн гэдгээ мэдэгдэж байсан юм

Энэ оны эхээр Японы Засгийн газар аялал жуулчлалын салбараа эргэн сэргээх кампанит ажил эхлүүлэн хилээ нээж, гадаадын зочдыг хүлээн авахад бэлэн гэдгээ мэдэгдэж байсан юм. Тэгвэл асар богино хугацаанд тооцоолсноос олон тооны жуулчин тус улсад ирж буй нь эмх замбараагүй байдал үүсгэж, аялагчдын хэт их төвлөрөлтэй холбоотой олон эрсдэл дагуулж байгааг дотоодын аж ахуйн нэгжийн төлөөллүүд хэлсэн байна.

Японы Засгийн газар эдийн засгаа сэргээх багц арга хэмжээ авч хэрэгжүүлсний нэг нь аялал жуулчлалын салбараа идэвхжүүлж, гадаадын жуулчдыг эх орондоо урьдын адил татах явдал байсан юм. Үүнтэй холбогдуулан тус улсын эрх баригчид 2023 оны эхээр хилээ бүрэн нээж, цар тахалтай холбоотой аливаа хязгаарлалтуудаа бүгдийг нь цуцалсан. Мөн визний хөнгөлөлт үзүүлэх улс орнуудын жагсаалтаа өргөжүүлж, Япон улсад аялж, амрахад хамгийн хүндрэл чирэгдэл багатай байхаар зохицуулсан нь сайшаалтай байсан юм. Гэвч сүүлийн үед Японы дотоодын аж ахуйн нэгжүүд жуулчдын хэт их төвлөрөл нь нөхцөл байдлыг үнэнхүү хүндрэлтэй болгож байгаа тухай гомдоллох болжээ. Тухайлбал хог хаягдал, нийтийн бие засах газрын хүрэлцээ, үйлчилгээний байгууллагын тооцоолоогүй ачаалал зэрэг нь дотоодын аж ахуйн нэгжүүдийн толгойны өвчин болж байгаа тухай тэд Өрнөдийн хэвлэлд ярьсан байна.

Япон улс өнгөрсөн 6-р сард 2.8 сая жуулчин хүлээн авсан бол 7-р сард 3.4 сая, 8 сард 4.1 сая гадаадын жуулчин тус тус хүлээн авчээ. Энэ нь цар тахлын өмнөх үеийн үзүүлэлттэй бараг л ижил түвшинд хүрсэн үзүүлэлт юм. 

Жуулчид нийтийн гудамж талбайд хог хаягдлаа ихээр орхиж, үйлчилгээний ажилтнуудад хүндрэл учруулж байгаа төдийгүй цахим сүлжээний хуудсуудад Япон улс хогондоо дарагдсан мэтээр буруу суртал ухуулга хийх болсон нь Япончуудыг ихэд эмзэглүүлж байна. Мөн томоохон аялал жуулчлалын бүс нутгийн үйлчилгээний байгууллагууд бүтэн 24 цагаар ажиллаж байгаа ч ачаалал буурахгүй байгаа нь үйлчилгээний стандартад сөргөөр нөлөөлж байгаа ажээ. Түүнчлэн хилийн чанадаас ирсэн аялагчид бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний үнэ өртгийг өсгөж байгаа нь дотоодын жуулчдын эрх ашгийг хохироох болсонд Япончууд сэтгэл дундуур байгаа юм байна.

Тиймээс Японы Засгийн газар ирэх 10-р сараас эхлэн аяллын компаниар үйлчлүүлж байгаа гадаадын жуулчдыг хүлээн авахаар шийдвэрлэж байгаа  бөгөөд хувь аялагчдад оногдуулж байгаа шалгуураа өндөрсгөх төлөвлөгөөтэй байна.

Түүнчлэн үйлчилгээний байгууллагуудыг зарим төрлийн татвараас хөнгөлөх, нийтийн тээврийн хүрэлцээгээ сайжруулах, нийгмийн үйлчилгээний ажилчны тоо хэмжээг нэмэгдүүлэх зэрэг зарим дэд бүтцийн асуудлуудыг шийдвэрлэхээр болжээ.