Дайны хөлд нэрвэгдсэн Украины олон зуун мянган иргэн Европын хүн ам зүйн уналттай тэмцэж байгаа улс орнуудын хөдөлмөрийн зах зээлийг нөхөж байна

Дайны хөлд нэрвэгдсэн Украины олон зуун мянган иргэн Европын хүн ам зүйн уналттай тэмцэж байгаа улс орнуудын хөдөлмөрийн зах зээлийг нөхөж байна. Украины дүрвэгчид Польш улсаар дамжин цалин хангамж, Засгийн газрын тэтгэмж өндөр Герман, Швейцар улсыг олноороо зорьж байгаа талаар Варшавын их сургуулийн судлаачид танилцуулсан байна.

Өнгөрсөн оны 2-р сард дайн эхэлснээс хойш Украины 6 сая гаруй иргэн эх орноосоо дүрвэж, хилийн дээс алхсан талаар албаны тоо баримтад дурдсан байна. Тэдний 3 сая орчим нь эргэн эх орондоо ирсэн бол 1.1 сая дүрвэгч Герман улсад түр орогнож байна. Харин 1.5 сая гаруй дүрвэгч нь Польш, Швейцар, Бельги зэрэг улс орнуудад түр оршин сууж байгаа талаар Европын Холбооны статистик мэдээнд дурджээ. 

Хэдийгээр Украины иргэд эдийн засгийн цагаачид биш ч гэсэн түр оршин сууж байгаа улс орондоо удаан хугацаанд аж төрөн амьдрахын тулд ажил хөдөлмөр эрхэлж эхэлсэн байна. Хүн ам зүйн уналттай тэмцэж байгаа ХБНГУ-ын барилга, хөдөө аж ахуйн салбарын хүний нөөцийг Украины дүрвэгчид бүрдүүлж байгаа ч дүрвэгсдийн дийлэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд байгаа тул хөдөлмөрийн болон бэлгийн мөлжлөгт өртөх тохиолдол олноор бүртгэгдэж байгаа юм байна.

Хөдөлмөрийн насны олон сая Украин дүрвэгчид Европын хөдөлмөрийн зах зээлийг тогтворжуулахад эергээр нөлөөлсөн байна. Ямартай ч энэ жилдээ Европын улс орнуудын хөдөө аж ахуйн салбар уналтад орох эрсдэлээс аврагдсан гэж судлаачид үзэж байна. Германы Засгийн газар мэргэжлийн өндөр ур чадвартай дүрвэгсдийг дотоодын хөдөлмөрийн зах зээлдээ нэгтгэхийн тулд Герман хэлний үнэ төлбөргүй сургалт явуулж байгаа төдийгүй Засгийн газраас тэдэнд татаас олгож эхэлжээ.