Тээвэрлэлт, хөрөнгө санхүүгийн асуудлаас үүдэж томуу, томуу төст өвчний вакцины татан авалт удааширдаг 

Манай улсад хүйтэн, сэрүүний улирал эхлэхтэй зэрэгцэн томуу, томуу төст өвчлөл ихэсдэг. Томуу, томуу төст өвчний үүсгэгч нь 11-р сарын эхэн үеэс идэвхэждэг байна. Иргэд вирусийн идэвхжилээс өмнө вакцинжуулалтад хамрагдахыг хүсдэг ч улсын эмнэлгүүдэд   вакцинжуулалт эхлээгүй байдгаас шалтгаалж өвчлөл хүндэрдэг, өвчний тархалт хэдийнээ газар авсан байдаг гэж иргэд хэлжээ.

 Энэ жилийн хувьд манай улс томуу, томуу төст өвчний эсрэг 300.000 гаруй тун вакциныг 10-р сарын дундуур татан авахаар төлөвлөөд байна. Харин вакцинжуулалт өмнөх жилүүдийнхтэй адил 10-р сарын сүүл болон 11-р сард эхлэхээр байгаа талаар албаны эх сурвалж мэдээлж байна. Харин иргэдийн зүгээс томуу, томуу төст өвчний дархлаажуулалтын хугацааг тус өвчлөлийн дэгдэлтээс өмнө татан авч дархлаажуулалтыг эхлэх хэрэгтэйг илэрхийлж байсан юм. Учир нь жил бүр бага насны хүүхэд томуу, томуу төст өвчний вакцинд хамрагдахаасаа өмнө өвчилж хүндэрч байгаа юм. 

Томуу, томуу төст өвчний вакциныг үйлдвэрлэгч байгууллагууд нь 7,8-р саруудад улс орнуудад тарааж эхэлдэг. Манай улсын хувьд тээвэрлэлт, хөрөнгө санхүүгийн асуудлаас үүдэж томуу, томуу төст өвчний вакцин нь хугацааны хувьд оройтож ирдэг байна. 

ДЭМБ-аас гаргасан судалгаагаар жилд 3.5 сая хүн томуу, томуу төст халдварын өвчлөлөөр оношлогдож, 290.000-650.000 гаруй хүн нас бардаг байна. Тэгвэл энэ өвчнөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол вакцинжуулалт гэдгийг олон судалгаа нотолдог байна.