АНУ-ын прокурорууд Жо Байдены хүү Хантер Байденыг хууль бусаар галт зэвсэг худалдаж авсан хэрэгт буруутгаад байна. Өдгөө 53 настай Хантер Байден хар тамхины идэвхтэй хэрэглэгч байхдаа галт зэвсэг худалдаж авахын тулд биеийн байцаалтаа худал мэдүүлсэн байж болзошгүй байна. Холбооны хуулийн дагуу хар тамхи хэрэглэгч галт зэвсэг худалдаж авах, эзэмших эрхгүй юм байна.
АНУ -ын холбооны хууль тогтоомжийн дагуу хар тамхи хэрэглэгч нь галт зэвсэг эзэмшсэн тохиолдолд эрүүгийн гэмт хэрэгт тооцогддог байна. Дэлавер мужийн шүүхээс Хантер Байденыг гэм буруутай гэж үзвэл түүнд 5-25 жилийн хорих ял оногдуулах болно гэж АНУ -ын Хууль зүйн яамнаас мэдэгдээд байна. Гэхдээ шүүх хурлын тов хараахан зарлагдаагүй байгаа төдийгүй хэзээ хаана болох нь тодорхойгүй байна.
Прокурорууд Хантер Байденыг 2018 оны 10-р сард Делавэр мужийн нэгэн зэвсгийн дэлгүүрээс буу худалдаж авахдаа "Мансууруулах бодис хэрэглэдэггүй, хэрэглэгч биш" гэж худал мэдүүлсэн гэж үзээд байна. Түүний хэргийг Бүгд Найрамдах намын гишүүнчлэлтэй прокурорууд шалгаж, яллах дүгнэлт үйлдсэн талаар эх сурвалжууд мөн мэдээлжээ. Энэ нь АНУ -ын түүхэнд анх удаа төрийн тэргүүний бүрэн эрхийн үргэлжлэх хугацаанд хүүхэд нь эрүүгийн гэмт хэрэгт буруутгагдсан тохиолдол болж байна.
Үүнээс гадна Хантер Байдены эдгээр эрх зүйн зөрчил, асуудлуудтай холбогдуулан ерөнхийлөгч Жо Байденыг албан тушаалаас огцруулах, итгэл үзүүлэх эсэхийг шийдвэрлэх парламентын хэлэлцүүлэг өрнүүлэх мөрдөн байцаалтыг Бүгд Найрамдах намын төлөөлөгчид явуулж байгаа юм.
Тэгвэл Хантер Байдены өмгөөлөгчид "Бүгд найрамдахчуудын хөндлөнгийн оролцоо хэргийг шийдвэрлэх явцыг төвөгтэй болгож байгаа. Мөн асуудлыг ноцтой мэтээр олон нийтэд түгээж,” Бүгд найрамдахчуудыг буруутгажээ.
Түүнчлэн өнгөрсөн оны зул сарын баярын үеэр цагаан ордны тэргүүн Жо Байден “Алдаа гаргадаггүй хүн гэж байдаггүй, алдаанаасаа суралцах нь хамгийн чухал” гэдгийг онцлоод, “Амьдралынхаа хүнд үеийг даван туулж чадсан хүүгээрээ бахархдаг” гэдгээ хэлж байсан юм.